Уншиж байна ...
Зураг
Зураг

Австралийн нээлттэй тэмцээний үеэр АНУ-ын теннисчид Лос Анжелес хотынхонд сэтгэлийн дэм өгөв

Э.Тэмүүлэн, iKon.mn
6 цаг 0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр нээлтээ хийсэн талбайн теннисийн дөрвөн Их Дуулгын эхнийх нь болох Австралийн нээлттэй тэмцээний эхний тойрогт өрсөлдөгчөө ялсан АНУ-ын теннисчид болох Коко Гауфф, Жессика Пегула нар өрсөлдөгчөө ялсныхаа дараа гал түймэртэй тэмцэж байгаа Лос Анжелес хотынхонд сэтгэлийн дэм өгчээ.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд чансаагаар гуравдугаарт бичигдэж байгаа АНУ-ын Коко Гауфф эхний тойрогт нутаг нэгт, 2020 оны Их Дуулгын аварга Софиа Кенинийг 6:3, 6:3-аар буулган авлаа.

Үүнийхээ дараа К.Гауфф зураглаачийн камер дээр "Хүчтэй байгаарай Лос Анжелес, гал сөнөөгч нартаа баярлалаа" гэж бичжээ.

К.Гауфф болон АНУ-ын эрэгтэй теннисчин Тэйлор Фриц нар өмнө нь гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслах буяны ажилд хандив өгсөн билээ.

Тэгвэл эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд долдугаарт жагсаж байгаа Жессика Пегула цагаан хуудсаар оролцож буй Австралийн Майа Жойнтыг 6:3, 6:0-ээр хожсон юм.

Тэрбумтан Пегулагийн гэр бүлээс гаралтай Жессика "A Lending Paw" буяны байгууллагаар дамжуулан гал түймрээс болж нүүлгэн шилжүүлсэн олон зуун тэжээвэр амьтдад хэрхэн туслах тухай мэдээллийг тогтмол өгч байгаа.

Лос Анжелес хотын эмнэлгээс өнгөрсөн Ням гарагийн байдлаар түймрийн улмаас 24 хүн нас барж, 16 хүн сураггүй болоод байгаа аж.

 

Эх сурвалж: BBC