Хэд хоногийн өмнө Улсын дуурь бүжгийн эрдмийн театр/УДБЭТ/-т шинэ жилийн үйл ажиллагаа болж, сонгодог театрын дүрэм журмыг үл хайхран архидан согтуурсан бүдүүлэг үйл явдал болсон талаар театрын ажилтны пост цахим орчинд түгсэн юм.
Уг постноос болж ажлын байрны дарамтад орж байгаа талаар тус театрын ажилтан манай редакцад хандан мэдээлэл өглөө.
2024 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг нь УДБЭТ-ын ерөнхий захирлаар түр томилогдсон байна.
Тухайн постод дурдагдсан шинэ жилийн үйл ажиллагаа нь энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдөр УДБЭТ-т болсон бөгөөд уг үйл явдлын дараа ажилчид театрт хүмүүс үг хэлээ хянадаг, дотор нь архидан согтуурч болохооргүй дэг жаягтай газар байтал тухайн үед маш бүдүүлэг уур амьсгалтай байсан талаар ажилчдын дотоод фэйсбүүк групптээ нийтэлсэн байна.
Тус постны хариуд театрын захирал Д.Алтанхуяг театрт тухайн орой болсон явдалд ундуйцсанаа илэрхийлж, нийт ажилчдаасаа хүлцэл өчиж байгаа тухайгаа бичжээ.
Гэвч тэр явдлаас хойш жирийн нэг ажлын өдөр театрын түр ерөнхий захирал Д.Алтанхуяг тухайн постыг бичсэн ажилчин дээр хүрч ирэн хуруугаараа чичлээд “Чи пост бичдэг охин мөн тэ?, “Чи тэр мөн тэ?” гэж нэрийг нь дуудан чангаар олон хүний өмнө асуужээ.
Түүний дараа дахин хүрч ирэн үзвэрийн үйлчилгээний ажилтнуудыг бүгд утсаа хураалга хэмээн шаардсан бөгөөд зарим ажилчид утас хураах үндэслэл нь юу болох талаар тодруулж асуухад “Та утсаа оролдоод ажлаа хийхгүй байна” гэх тайлбар хэлжээ. Түүнчлэн үзэгчдийн цахим тасалбарын QR кодыг уншуулдаг байгууллагын утсыг мөн адил хураалгахыг шаардаж “Наадхаа ч бас хураалга! Ажлын цагаар та нар ямар ч утас хэрэглэхгүй” гэж хэлсэн байна.
Мөн тухайн постыг бичсэн ажилтныг үзэгчдийг угтах хэсэгтээ зогсож байхад эрэгтэй хүн 10-20 минутын хугацаанд зургийг нь аваад байгаа нь ажиглагдсан ба тухайн хүн нь ерөнхий захирал Д.Алтанхуягийн жолооч байжээ. Тун удалгүй ажилтан руу даллаад “Инээгээд зогсож бай, чиний зургийг даръя” гэсэн ба учрыг нь асуутал “Захирал руу явуулъя” гэж хэлсэн байна.
Тус өдрийн дараа мөн адил утсаа хураалгаагүй байсан хоёр ажилчныг харсан театрын захирал Д.Алтанхуяг “Чи яагаад утсаа хураалгаагүй юм?”, “Чи сайн л зураг дардаг юм байна лээ” гэж хэлээд утсыг нь хурааж авчээ.
Эдгээр үйлдлүүд нь хүний эрхэд шууд халдсан үйлдэл буюу ямарваа захирамж, тушаал, аль эсвэл сануулгагүйгээр ингэж бүдүүлэг, ялгаварлан гадуурхалт үүсгэж байгаад маш их гомдолтой байна гэдгийг театрын ажилчин илэрхийлэв.
Түүнчлэн дотоод үйл ажиллагаа бус гаднын бүдүүлэг, байгууллагын нэр төрийг уландаа гишгэсэн хүлээн авалтын талаар театрын ажилтны хувьд санал гомдлоо илэрхийлснийхээ хариуд тухайн хүн ийм ажлын байрны дарамт шахалтад орж байна. Буруу зүйлсийг нуун дарагдуулалгүй, шударга байсан, зөв зүйлсийн талаар дугарсан ажилтан, албан хаагчдадаа ингэж хандаж байгаа байгууллагын удирдлагад маш ихээр урам хугарч, ил далд хэлбэрээр дээрэлхүүлж байгаа нь хэрээс хэтэрч байна гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!