Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Аргентины засгийн газар нийтийн тээврийн татаасыг цуцалснаас метроны үнэ 360 хувиар өслөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн онд Аргентины ерөнхийлөгчөөр сонгогдсон либертар эдийн засагч Хавьер Милей төсвийн зардлыг хэмнэх хатуу бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа.

Тэрбээр саяхан тус улсын нийслэл Буэнос-Айрес хотын метроны үнэ тарифыг чөлөөлж, төрөөс олгодог татаасыг зогсоох шийдвэр гаргасан юм.

Уг шийдвэрт нь хориг тавиад байсан шүүх Пүрэв гарагт хоригоо цуцалснаар Баасан гарагийн өглөөнөөс эхлэн тасалбарын үнэ огцом өссөн байна.

Баян хоосны ялгаа ихтэй Латин Америкийн орнуудад нийтийн тээврийн үнэ тариф маш эмзэг асуудал байдаг. 2019 онд Чили улсад метроны үнэ тарифын өсөлтийг эсэргүүцсэн томоохон үймээн самуун дэгдэж байв.

Аргентины нийслэлд ганцхан шөнийн дотор метроны нэг талын тасалбарын үнэ 125 песогоос ($0.14) 574 песо ($0.64) болж нэмэгджээ.

Ерөнхийлөгч Милей төрийн өмчит бүх компаниудын татаасыг цуцалж, үнэ тариф чөлөөлөх эрс хатуу бодлого хэрэгжүүлж байгаа.

Гэхдээ түүний авсан арга хэмжээнүүд урт хугацаанд үр дүнгээ үзүүлэх төлөвтэй байна. Одоогоор Аргентины жилийн инфляц 289 хувь байгаа нь дэлхийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм.

Милейг үүрэгт ажилдаа орсон цагаас хойш метроны үнэ тариф алхам алхмаар нэмэгдэж байгаа.Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Буэнос-Айресын метроны нэг талын тасалбарын үнэ 80 песо байжээ.

Тэгвэл зургаадугаар сарын 1-нээс 650 песо, наймдугаар сарын 1-нээс 757 песо болгох төлөвлөгөөтэй байгаагаа Буэнос-Айрес хотын эрх баригчид мэдэгдсэн юм.

Аргентин улс 20 дугаар зууны эхэн үед цэцэглэн хөгжиж байхдаа Буэнос-Айрес хотод газар доогуурх нийтийн тээврийн системийг байгуулсан нь дэлхийн анхны метронуудын нэгд тооцогддог юм.

 

Эх сурвалж: Associated Press