Уншиж байна ...

С.Хаянгарваа: "Сонсогчийн алдар" тэмцээн бүх гардан тулааныг багтаасан тэмцээн гэдгээрээ онцлог

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дотоод Хэргийн Их Сургууль (ДХИС)-аас жил бүр зохион байгуулдаг бол "Сонсогчийн алдар" гардан тулааны тэмцээний талаар зохион байгуулагчид нь өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Энэ жил ДХИС-ийн 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн нэрэмжит болгож буй гэдгээрээ тус тэмцээн онцлог болж буй юм. Түүнчлэн эрэгтэй найм, эмэгтэй таван жинд медальтнууд шалгаруулах болсноо зарлав. 

Энэ талаар гавьяат багш, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа "Энэ тэмцээнийг 1996 онд анх зохион байгуулснаас хойш энэ жил 20 дахь удаагаа болж байна. Уг тэмцээнийг миний бие санаачилсан ч маш олон тулаанч төрсөн. Тодруулбал холимог тулааны дэлхийн хошой аварга Ж.Нарантунгалаг, мэргэжлийн боксын дэлхийн хошой аварга Ч.Цэвээнпүрэв зэрэг алдартан бий.

Өнөө жилийн тэмцээний гол онцлог нь хоёр төрлөөр явагдана. Тухайлбал гардан тулааны төрлөөр эрэгтэй найм, эмэгтэй таван жинд өрсөлдөх бол мөн ур чадварын тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй таван жингээр болох юм. 

Хоёр төрлийг нэгэн зэрэг буюу хоёр дэвжээнд хийхээр төлөвлөж байна. "Сонсогчийн алдар" тэмцээн анх удаа зохион байгуулагдахад 200 гаруй тамирчин оролцож байсан бол өдгөө 600 гаруй тамирчин оролцдог том тэмцээн боллоо.

Таван жилийн өмнө ДХИС-ийн 85 жилийн ойгоор 680 тамирчин оролцож байв. Энэ тэмцээн бол өөрсдийн дүрэмтэй бүх гардан тулааныг нэг дэвжээн дээр уулзуулдаг гэдгээрээ онцлог юм.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таван жилийн өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа манай тэмцээнд өөрийн биеэр ирж шагнал гардуулж байв. Энэ үеэр төрийнхөө эрхшээлд авч, нэрэмжит тэмцээн болгох ёстой гэсэн санааг анх хэлж байв. Уг хэлсэн амандаа хүрч, цаашид Ерөнхийлөгчийн нэрэмжит болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье" гэсэн юм.

"Сонсогчийн алдар" тэмцээн хоёр өдрийн турш Спортын Төв Ордон (СТО)-ы "А" заалд болно. Хоёр дэвжээнд зэрэг явагдах болсон тул өсвөрийн насыг хассан аж. 

Түүнчлэн эрэгтэй ангилалд 55, 60, 65, 70, 75, 80, 85, 90 кг, эмэгтэй ангилалд 50, 55, 60, 65, 70 кг-д медальтнууд шалгаруулах юм. Тулааны төрөлд оролцсон тамирчид бүгд ур чадварын тэмцээнд орно. Нийлбэр дүнгээр багийн оноог гаргах юм. 

Түрүүлсэн тамирчинд Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом, мөнгөн шагналын хамт олгоно. Гурван жил дараалан нэг жиндээ түрүүлбэл шилжин явах цомыг үүрд хадгалах эрхтэй болно. Тэмцээнд гардан тулааны бүх холбоод оролцохоо мэдэгджээ. Мөн зэвсэгт хүчний алба хаагчид болон хууль сахиулахын алба хаагчид оролцохоор бэлтгэж байна. 

Онооны системд бас өөрчлөлт орсныг зохион байгуулагчид онцоллоо. Оновчтой цохилтод нэг оноо өгөх бол өрсөлдөгчөө унагасан цохилт хийвэл хоёр оноо өгөхөөр болжээ.