Уншиж байна ...

Н.Баярсайхан: Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуулийн заалтыг улам дордуулах төслийг боловсруулжээ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчны ТББ-уудын төлөөлөл байгаль орчны шударга ёсыг шаардаж "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тэдний зүгээс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар иргэдийн мэдэх, оролцох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг боомилсон ухралт бүхий заалт оруулж байна. 

Тиймээс энэхүү хуулийн төслийг эгүүлэн татахыг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. 

"Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 2012 онд батлагдаж байсан. 

Өнөөдрийн байдлаар 11,600 гаруй байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нарийвчилсан тайлан БОАЖЯ-ны веб сайтад байршиж байна.

Энэхүү нарийвчилсан үнэлгээний тайлангийн 3,000 орчим нь уул уурхайн салбар буюу газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой төслүүдийн нарийвчилсан үнэлгээ юм. 

Бидний хувьд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төслийг эгүүлэн татахыг шаардаж байгаа. Яагаад үүнийг эсэргүүцэж буйгаа тайлбарлая. 

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын хэвлийн баялаг, байгалийн баялаг нь төрийн болон нийтийн өмч гэдгийг хуульчилсан.

Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбоотой эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөх аливаа мэдээллийг иргэд мэдэх эрхтэй гэж хуульчилсан.

Мөн газрын хэвлийн баялгийг ашиглахдаа ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулна гэдгийг тусгасан байдаг. 

БОАЖЯ-наас боловсруулсан Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний хуулийн нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуульд заасанчлан иргэдийн мэдэх эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдах болон эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэх учиртай.

Өөрөөр хэлбэл дээрх үнэлгээний хуульд нэмэлт өөрчлөлт орохдоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн зорилгыг хангасан байдлаар боловсруулагдах ёстой байсан.

Харамсалтай нь өнөөдөр боловсруулж, БОАЖЯ-ны сайт дээр ил тод, нээлттэй болгосон хуулийн төсөл нь Үндсэн хуулийнхаа зорилтын эсрэг байлаа" хэмээв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Байгаль орчны аюул, эрсдэлийг оновчтой тодорхойлохооргүй. Мөн нийгэм, эдийн засагт гарч буй сөрөг нөлөө, эрсдэлийг урьдчилан тооцох боломжийг хуульчлаагүй.

Ингэснээр өнөөдрийн мөрдөж байгаа үнэлгээний хуулийг улам бүр дордуулсан гэж үзэж байгаа.

Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын хуульд хэрхэн нэмэлт өөрчлөлт оруулах уу, яаж боловсруулах уу, шинэчилсэн найруулгыг хэрхэн хийх үү зэрэг нарийн заалтыг тусгаж өгсөн.

Харамсалтай нь Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн байдлаар буюу үзэл баримтлал, тооцоо судалгаа, үр нөлөөний үнэлгээ хийгдээгүй байхад төслөө боловсруулж олон нийтээс санал авах үйл ажиллагааг явуулж буй. Үүнийг эсэргүүцэж байна. Ийм учраас дээрх хуулийн төслийг эсэргүүцэж, эгүүлэн татахыг шаардаж байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуулийг Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн эрсдэлийн үнэлгээний хууль болгож шинэчлэх найруулга хийхийг БОАЖЯ-наас шаардаж байгаа" гэж байр сууриа илэрхийллээ.