Уншиж байна ...

“Говийн чоно” сургуулилалтад Бангладеш, Энэтхэг, БНСУ, Лаос, Мальдив зэрэг 14 улсын төлөөлөл оролцож байна

Б.Манлай
2024 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой Байдлын Ерөнхий Газраас АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Номхон Далайн хуурай замын цэргийн командлалтай хамтран Дорнод аймагт гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дадлага, туршлага солилцох “Говийн чоно-2024” үйл ажиллагааг энэ сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн дадлага сургуулилалтад Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, яам, агентлаг, гамшгаас хамгаалах улсын албад, Дорнод аймгийн удирдлага, зүүн бүсийн Онцгой байдлын байгууллага зэрэг 30 гаруй байгууллагын 250 орчим ажилтан, алба хаагч, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүд болоод Австрали, Бангладеш, Канад, Энэтхэг, БНСУ, Лаос, Мальдив, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам, Турк зэрэг нийт 14 гадаад улсын 70 гаруй төлөөлөл оролцож байна.

Дорнод аймаг нь тэгш тал зонхилсон газар нутагтай, хээрийн өвслөг ургамал ихтэй, ой, хээрийн түймрийн эрсдэл өндөртэй, хүчтэй цасан болон шороон шуурга, үер, их хэмжээний цас орж зудын гамшиг тохиолддог бүс нутаг. Тиймээс сургалт, дадлагын хөтөлбөрийг бүс, орон нутгийн гамшгийн төрөл, эрсдэлт хүчин зүйл, нөхцөл байдал, онцлог, хүмүүнлэгийн тусламжийн хэрэгцээнд тулгуурлан боловсруулж, “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд дадлага сургууль явагдах юм.

Сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа нь академик болон ширээний, техникийн, дадлага сургалт гэсэн гурван төрөлтэй  бөгөөд  гал түймэр, химийн хорт бодисын голомтоос эрэн хайх, аврах ажиллагаа, урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дуурайлган үзүүлэх дадлага, хээрийн 50 ортой эмнэлэг дэлгэх, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх дадлага сургалтууд явагдана.

“Говийн чоно” сургалт, дадлагад гадаад улс орны гамшигтай тэмцэх чиглэлээр мэргэшсэн байгууллагын төлөөлөл оролцож, өөрийн улс орны болон бүс нутгийн гамшгийн үеийн бэлэн байдал, шуурхай хариу арга хэмжээ, эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх төлөвлөлт, стандарт, сайн туршлага, сургамж дүгнэлтээс манай орны аврагч нар болон мэргэжлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад эх орондоо суралцах боломжийг олгож байдаг нь энэ арга хэмжээний онцлог. 

​Олон улсад гамшгийн эрсдэлийг нийгэм, эдийн засгийн дан ганц нэг салбарт сөргөөр нөлөөлөх байдлаар авч үздэг байсан үе өнгөрч, системийн хэмжээнд авч үздэг болсон. Аливаа гамшгийн эрсдэлийг улс орны эдийн засаг, нийгэм, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдаа, байгаль орчин, хүн амын эрүүл мэнд, соёл, боловсрол, амьжиргаа зэрэг бүхий л салбарт хор хөнөөлөөр нь, нөлөөлөх байдлаар нь авч үзэн, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлдэг болжээ.

“Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах, сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагааг

  • 2016 онд “Засгийн газар, орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр Улаанбаатар хот, Орхон аймагт
  • 2017 онд “Бүс нутгийн түвшний удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр Өмнөговь аймагт
  • 2018 онд  “Баруун бүсийн удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр Ховд аймагт
  • 2019 онд  “Орон нутгийн чадавх ба бүсийн удирдлага, харилцан ажиллагаа” сэдвээр Дорноговь аймагт
  • 2021 онд “Хангай-21” нэртэйгээр Архангай аймагт
  • 2022 онд “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд Баянхонгор аймагт тус тус зохион байгуулсан юм.

 

Эх сурвалж: ОБЕГ