Уншиж байна ...

ТАНИЛЦ: Ашигт малтмалын тухай хуулийн онцлох заалтууд

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 5 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар баталсан Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн онцлох заалтуудыг танилцуулж байна. 

Үүнд "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно" гэсэн заалт оруулсан нь анхаарал татаад буй. Гэхдээ төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшлийн хувьцаа, Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хувьцаанд дээрх заалтад хамаарахгүй юм.

5.4.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.
5.5.Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.
5.6.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина.
5.7.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 34-өөс дээш хувийг аливаа этгээд дангаар болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшихийг хориглоно.
5.8.Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой, орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшлийн хувьцаа, Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээдийн хувьцаанд энэ хуулийн 5.7 дахь хэсэг хамаарахгүй.
17.1.Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана.
17.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно.