Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо
Олон улсын агаарын тээврийн холбоо(IATA) -ны 82 дахь жилийн бүх гишүүдийн хурал (AGM) болон Дэлхийн агаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалт (WATS) Бразилын Рио-де-Жанейро хотноо зохион байгуулагдлаа.
Дэлхийн агаарын тээврийн салбарын 1,500 гаруй удирдах албан тушаалтан, бодлого боловсруулагчид оролцсон тус хуралд Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн болон албаны төлөөлөл оролцсон юм. Энэ удаагийн хурал, дээд хэмжээний уулзалтаар агаарын тээврийн салбарын эдийн засаг, салбарт тулгамдаж байгаа өнөөгийн тулгамдаж байгаа асуудал, тогтвортой хөгжил, нисэхийн аюулгүй байдал, олон улсын зохицуулалтын цаашдын асуудлыг хэлэлцжээ.
Дэлхийн агаарын тээврийн салбарын хэмжээнд 2026 он гарсаар зорчигч тээвэрлэлтийн тоо 5.1 тэрбум ам.долаар, салбарын нийт орлого 1.2 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд зорчигч болон карго тээврийн эрэлт өсөх төлөвтэй байгаа талаар тайланд тэмдэглэсэн байна.
Сүүлийн үеийн бүс нутгийн мөргөлдөөн болон бусад хүчин зүйлээс шалтгаалсан агаарын хөлгийн түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан зарим авиа компани дампуурлаа зарласан бол олонх нь нислэгийн чиглэл, давтамжаа цөөрүүлэх мөн зорчигчийн үнийн тарифт нэмэлт оруулан эдийн засгийн зохицуулалт хийж тулгараад байгаа асуудалд арга хэмжээ авч ажиллаж байна.
Үүсээд байгаа түлшний үнийн өсөлтөөс хамааралтай IATA-ны 2026 оны хэтийн төлөвт хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байгаа нь цаашдын агаарын тээврийн салбарын хамгийн том эрсдэлүүдийн нэгээр онцолжээ. Үүний зэрэгцээ геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтийн гол гарц болох Ормузын хоолойн тээвэрлэлтэд саад учирсан нь дэлхийн газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлсөн. Тус бүсээр дэлхийн түүхий нефтийн нийлүүлэлтийн 25 орчим хувь дамжин өнгөрдөг бөгөөд нийлүүлэлтийн тасалдал нь газрын тос болон агаарын хөлгийн түлшний үнийг богино хугацаанд огцом өсгөөд байгаа юм.
МИАТ ТӨХК-ийн хувьд агаарын хөлгийн түлшний хэрэгцээг үндсэндээ импортоор хангадаг бөгөөд дэлхийн эрчим хүчний зах зээлийн үнийн хэлбэлзэл, геополитикийн нөхцөл байдлын өөрчлөлт нь компанийн үйл ажиллагааны зардалд шууд нөлөөлж байна.
Тухайлбал 2026 оны хоёрдугаар сараас эхлэн гадаад улсын нисэх буудлуудад нийлүүлж буй агаарын хөлгийн түлшний үнэ 100 хувиар өссөн бөгөөд дотоодын ханган нийлүүлэгч "Эрчист Ойл" ХХК-аас нийлүүлж буй түлшний үнэ 68 хувиар нэмэгдсэн байна. Үүний үр дүнд агаарын хөлгийн түлшний зардал нь компанийн нийт үйл ажиллагааны зардлын 33 хувийг эзэлж, зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болоод байна.
Түүнчлэн дэлхийн агаарын тээврийн салбарт үүсээд буй геополитикийн эрсдэл, эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдал, валютын ханшийн хэлбэлзэл зэрэг хүчин зүйлс нь компанийн үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж, санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна.
МИАТ ТӨХК нь үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулах, агаарын хөлгийн парк шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх, түлшний хэмнэлттэй техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч олон улсын зах зээлийн дээрх нөхцөл байдлын улмаас 2026 оны санхүүгийн үр дүн төлөвлөсөн түвшинд хүрэхгүй, алдагдалтай гарах эрсдэлтэй байна.
Үүний зэрэгцээ агаарын хөлөг болон хөдөлгүүрийн засвар үйлчилгээний хүчин чадлын хомсдол, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтийн доголдол нь агаарын хөлгийн ашиглалтын хугацааг уртасгах, засвар үйлчилгээний давтамж болон өртгийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болж байна.
Эх сурвалж: МИАТ ТӨХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

