Эхийн эндэгдэл орон нутагт өндөр байна

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хурлаар 2026 оны эхний хагас жилийн эх, хүүхдийн эндэгдлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайдын "Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий” үндэсний санаачилга орон даяар өрнөж буйтай холбогдуулан хүүхэд, эхийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг Удирдлагын зөвлөлийн хурлаар онцолсон байна. 

Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 25,753 эх амаржиж, 25,996 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1,046, амьд төрөлт 1,005 тохиолдлоор тус тус буурсан байна.

Тайлант хугацаанд таван эх эндэж, эхийн эндэгдлийн харьцаа 100,000 амьд төрөлтөд 19.2 болж, өмнөх оны мөн үеэс 14.1 промиллеэр буурсан байна. Эхийн эндэгдлийн харьцаа

  • Улаанбаатар хотод 13.6,
  • Орон нутагт 26.5 байгаа нь орон нутгийн үзүүлэлт улсын дунджаас өндөр байгааг харууллаа.

Цаашид жирэмсний үеийн хавсарсан өвчний хяналт, менежментийг сайжруулах, үжил, халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөөг эрчимжүүлэх, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.