Өмнөд Солонгосын орчин үеийн түүхэнд бүртгэгдсэн агаарын хамгийн өндөр халалт Цельсийн 42.5 хэм боллоо
Өмнөд Гёнсан мужийн Янсан хотод Ням гарагт агаарын температур Цельсийн 42.5 хэм хүрсэн нь Өмнөд Солонгост орчин үеийн цаг агаарын бүртгэл эхэлсэн 1904 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Зүүн өмнөд бүсийн энэ хотод Лхагва гарагаас хойш дөрвөн өдөр дараалан агаарын халалтын үндэсний дээд үзүүлэлт бүртгэгдээд байна.
Ням гарагийн дээд үзүүлэлт өдрийн 1:26 цагт бүртгэгджээ.
Бусан хот, Өмнөд Гёнсан мужийн Гимхэ, Умард Гёнсан мужийн Гёнжү, Өмнөд Жолла мужийн Гванян зэрэг өөр хэд хэдэн хотод Ням гарагт Цельсийн 40 хэм давж халжээ.
Ням гарагийн 11:00 цагт Солонгосын Цаг Уурын Захиргаа нийслэл Сөүл хотын баруун хойд хэсгийн агаарын халалтын зэрэглэлийг нэмэгдүүлснээр нийслэл бүхэлдээ дээрээсээ хоёрдугаар түгшүүрийн зэрэглэлд шилжсэн байна.
Солонгосын хойгийн дээр агаарын өндөр даралтын хоёр систем давхацсан нь хэт халалт үүсэх гол шалтгаан болж буйг мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Тухайлбал Номхон далайн хойд хэсгийн антициклон халуун, чийглэг агаарын урсгал авчирсан бол Төвөдийн өндөрлөгөөс ирсэн улирлын чанартай өндөр даралтын систем нарны тусгалыг нэмэгдүүлж, агаарын мандлын халалтыг улам эрчимжүүлж байгаа гэнэ.
Энэ хүчин зүйл дээр нэмэгдээд Янсан хотын уулсаар хүрээлэгдсэн, агаар солилцоо багатай байршил нь дээд хэмжээнд хүрч халахад хүргэсэн байна.
Тавдугаар сарын 15-наас долдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд орон даяар агаарын хэт халалтаас үүдэлтэй өвчлөлийн 1,871 тохиолдол бүртгэгдсэнээс 13 нь нас барсныг Солонгосын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Агентлаг мэдээлжээ.
Солонгосын Бэйсболын Холбоо агаарын температур Цельсийн 38 хэм давж халахтай холбоотойгоор Бямба, Ням гарагуудад Чанвон хотод зохион байгуулах гэж байсан Лигийн хоёр тоглолтоо цуцалсан байна.
Бямба гарагт Бусан хотод болох тоглолт цуцлагдсан бол Ням гарагийн тоглолтыг төлөвлөсөн хугацаанаасаа 30 минутын дараа эхлүүлэхээр болсон нь үдшийн сэрүүн цагийг ашиглах зорилготой өөрчлөлт байжээ.
Өмнөд Солонгос даяар агаарын хэт халалт энэ долоо хоногийг дуустал үргэлжилж, зарим бүс нутгуудад Цельсийн 38 хүрэх төлөвтэй байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

