Сошиал мэдэгдлүүдээ зарах Трампын бизнес санаа ширүүн маргаан, шүүмжлэлтэй тулгарав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийг дэлхий нийтээрээ чих тавин хүлээж байдаг нь тодорхой.

Тэгвэл тэр үүнээсээ мөнгө олох шинэ санаа олжээ.

Тухайлбал Трамп өөрийн эзэмшлийн Truth Social платформд нийтэлсэн мэдэгдлүүддээ түрүүлж хандах эрхийг төлбөртэй болгож байгааг Бямба гарагт зарласан байна.

Энэ нь Уолстритийн хөрөнгийн зах зээлийн арилжаачид Трампын мэдэгдлүүдийг бусдаас түрүүлэн авч, хариу арга хэмжээ авахын тулд мөнгө төлдөг болно гэсэн үг.

Тэгвэл Трампын энэ санаачилга төрийн албан тушаалыг хувийн ашиг сонирхолдоо ашиглахтай холбоотой ёс зүйн томоохон шүүмжлэлтэй тулгарчээ.

Трамп дайн, төв банкны бодлого, олон улсын хориг арга хэмжээтэй холбоотой мэдэгдлүүдээрээ дэлхий нийтийг байнга шуугиулж байдаг.

“Хэрвээ олон нийтэд нээлттэй компанийн гүйцэтгэх захирал ийм арга хэмжээ авсан бол шоронд орох байсан. Бүх үйл явдлын тэргүүнд байж, бүх шийдвэрийг гаргадаг, гэхдээ үүнийгээ сонгогдсон бүлэгт урьдчилж мэдэгддэг АНУ-ын ерөнхийлөгчтэй боллоо бид” гэж Able Alpha Trading компанийн гүйцэтгэх захирал Айрен Олдриж мэдэгджээ. Тэрбээр хэдийгээр ажилд нь чухал хэрэгтэй ч Трампын мэдэгдлүүдийг худалдаж авах төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Уг шийдвэрийг гаргахаас өмнө Цагаан ордны хуульчид шалгасан эсэхийг асуухад Трампын хэвлэлийн алба хариулахаас татгалзаж, Truth Social платформыг хариуцдаг компанид хандахыг зөвлөжээ.

Trump Media & Technology компани мэдэгдэлдээ үйлчилгээнийх нь нөхцөлийг буруу тайлбарласан гэж Ардчилсан Намынхныг шүүмжилсэн байна.

Зөвхөн өнгөрсөн сард л гэхэд Трамп сошиал хуудсаараа хөрш Канадын эсрэг худалдааны дайн зарлаж, Ираны дайныг өргөжүүлэх, Саудын Арабтай цөмийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэрэг чухал шийдвэрүүдээ зарлаж байв.

Энэ бүх мэдэгдлүүдийн дараа Канад долларын ханш унаж, цөмийн эрчим хүчний компаниудын хувьцааны ханш суларч, газрын тосны үнэ өсөж, үүн дээр бооцоо тавьсан арилжаачдад их хэмжээний ашиг олох боломж гарч байлаа.

Truth Social платформын мэдээлэл урьдчилж авах төлбөртэй үйлчилгээнд зөвхөн Трампын мэдэгдлүүд бус, бас түүний хоёр хүү Дональд Жүниор, Эрик нарын мэдэгдлүүд хамрагдах бололтой.

Бодлогын чанартай мэдэгдлүүдээс гадна Трамп сүүлийн саруудад нээлтэй компаниудыг магтах зэргээр хувьцааны ханшийг нь өсгөх үйлдлийг гаргадаг болоод байгаа.

Эндээс харвал тэр санаатай ийм мэдэгдэл гаргаж, хувийн ашиг орлогоо өсгөдөг болсон байж магадгүй юм.

“Тодорхой компанийн хувьцаа савлах гэж байгааг Уолстритийн арилжаачид түрүүлж мэдэхийг хүсэх нь гарцаагүй. Энэ бол жинхэнэ эмх замбараагүй байдал” гэж “Project on Government Oversight” байгууллагын холбооны засгийн газрын ёс зүйн дүрмийн эксперт Дилан Хедлер-Годетт хэлжээ.

Trump Media компани өнгөрсөн онд $3.7 саяын орлоготой ажилласан байдаг.

Хэрвээ сарын $100,000-ын хураамжтай мэдээлэл урьдчилж авах үйлчилгээ ердөө гуравхан хэрэглэгчтэй болоход тус компанийн жилийн орлого хоёр дахин өсөхөөр байна.

Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш тус компанийн хувьцааны ханш 75 хувиар унаад байгаа.

Компанийнхаа ашигтай ажиллагааг дэмжихийн тулд Трамп өнгөрсөн хугацаанд бүх мэдэгдлүүдээ Truth Social платформд нийтэлж, аль болох олон хүн дагуулахыг хичээж байлаа.

Хэрвээ ирэх намрын Конгрессын сонгуулиар Ардчилсан Нам олонх болбол Truth Social платформд томоохон асуудал тулгарч болзошгүй байгаа.

Тухайлбал Массачусетс мужийн сенатор Элизабет Уоррен тус платформын үйл ажиллагааг шалгах ажлыг эхлүүлэхээ Баасан гарагт амласан юм.

“Бид энэхүү ил задгай авлигын системд буруутай хүмүүсийг Америкчуудын өмнө авчрах болно” гэж тэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Asscoiated Press