Энэ сарын 15-наас ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цагт улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙН хязгаарлалт үйлчилнэ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын өмнөх талбайд хуралдаж, гарсан шийдвэрийн талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ сарын 15-наас есдүгээр сарын 12-н хүртэл автомашины улсын дугаарын ТЭГШ, СОНДГОЙГООР замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "2025, 2026 оны хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл дунджаар 8-10 хувийн өсөлттэй байгаа. Иймд тэг зогсох эрсдэлийг бууруулах үүднээс энэ сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийн хороонд хязгаарлалт хэрэгжүүлнэ.
Тэгш өдөр тэгш тоотой, сондгой өдөр сондгой тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр сургууль цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаатай холбоотой ачаалал ихэсдэг учраас ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцоно.
Энэ жил ямар нэгэн бүсчлэлгүйгээр 07:00-21:00 цаг хооронд хязгаарлалт үйлчилнэ. Уулзвар бүр дээр хяналтын камерын тусламжтайгаар хяналт тавина.
Тэгш, сондгойн дугаарын хязгаарлалтад хамаарагдахгүй тээврийн хэрэгслүүд:
- Ногоон дугаартай цахилгаан тэжээлийн тээврийн хэрэгсэл,
- хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл,
- дипломат байгууллага болон зочид төлөөлөгчдийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгсэл,
- ажилчид сургуулийн автобус,
- стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
- хүнсний түгээлт болон татан авалтын тээврийн хэрэгсэл,
- оршуулгын үйл ажиллагаанд үйлчилж буй тээврийн хэрэгсэл,
- жуулчин тээвэр,
- эмнэлэг, цагдаа, онцгой байдлын болон нийтийн тээвэр,
- хот нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай тээврийн хэрэгслүүдэд дугаарын хязгаарлалтад үйлчлэхгүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

