Оросын нутаг дэвсгэрт халдсан Украины дронууд 8 хүний амийг хөнөөж, Wildberries компанийн агуулахыг шатаажээ

Т.Давааням, ikon.mn
40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн шөнө Украины хэдэн зуун нисгэгчгүй онгоц Оросын олон бүс нутагт халдсаны улмаас нийтдээ найман хүний амь үрэгдэж, онлайн худалдааны Wildberries компанийн агуулах шатжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам энэ шөнө Украины 635 нисгэгчгүй онгоцыг унагаснаа мэдээлсэн байна.

Украины хилээс 800 км орчим зайд оршдог Самара муж дахь Wildberries компанийн агуулах дроны цохилтод өртсөнийг тус мужийн захирагч Вясеслав Федорищев мэдээлжээ. Энэ үеэр хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, агуулахад гарсан галыг унтраах ажил үргэлжилж байгааг захирагч мэдэгдэлдээ дурдсан байна.

Долдугаар сарын 18-наас хойш Украины тал Оросын эдийн засгийн чухал дэд бүтэц болсон Wildberries компанийн 12 ложистикийн төвд халджээ.

Хөрш Саратов мужийн Энгельс хотын орон сууцны дээрээс дрон унасны улмаас хоёр хүн амиа алдсаныг мужийн захирагч Роман Бусаргин мэдээлсэн байна. Саратов, Энгельс хотуудын иргэний дэд бүтцийн байгууламжууд бас Украины дроны цохилтод өртжээ.

Газрын тос боловсруулах томоохон үйлдвэртэй Саратов хот, агаарын цэргийн том бааз байрладаг Энгельс хот сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа Украины алсын тусгалын цохилтын бай болж байв.

Удмуртийн бүс нутагт гурван хүн, Украинтай хил залгаа Белгород мужид гурван хүн тус бүр агаарын цохилтын үеэр амиа алдсаныг орон нутгийн удирдагчид мэдээлжээ.

Бүгд Найрамдах Башкортостан Улсын захирагч Радий Хабиров аж үйлдвэрийн байгууламжуудыг чиглэсэн дроны томоохон халдлагыг няцааснаа бас мэдээлсэн байна.

Үүний улмаас нийслэл Уфа хотод гал гарсныг унтраахаар ажиллаж байгааг Хабиров мэдэгдэлдээ дурджээ.

Нөгөө талаас ОХУ-ын батлан хамгаалах яам Ням гарагт Украины нутаг дэвсгэрт өгсөн агаарын цохилтуудынхаа үр дүнг мэдээлсэн байна.

Тухайлбал Украины Миколаив боомтын дэд бүтэц, зогсоолд байсан цэргийн ачааны хоёр хөлөг, Хар тэнгист цэргийн ачаа тээвэрлэж байсан нэг хөлөг онгоц тус тус Оросын агаарын цохилтод өртсөн гэнэ.

Украины зүүн өмнөд бүсийн Запорожье хотод Оросын залуурт бөмбөг унасны улмаас нэг хүн алагдаж, 21 хүн шархадсаныг бүс нутгийн захирагч Иван Федоров мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters