Могойтой таарвал байгаль орчны байгууллагад мэдэгдэх утасны дугаарууд
Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд багтах бөгөөд биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, сүүл богино бөгөөд хүүхэн хараа нь босоо, нүд хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.
Могой нь хот орчмоор 5 дугаар сарын сүүлээс 9 сар дунд хүртэл орж ирдэг бөгөөд орон сууц болон аж ахуйн нэгж байгууллагын авто зогсоол, авто гарааш, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа зэрэг газруудаас олдох нь их байдаг.
Могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг алсаас сайтар харж байх, хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандана.
Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг "Хэрэв могойд хатгуулсан бол эмнэлгээс хол байгаа нөхцөлд усаар угаагаад цэвэр зүйлээр ороож, мөчдийг хөдөлгөөнгүй болгох чиг тавина. Халуун болон хүйтэн жин тавьж болохгүй. Гарыг зүрхнээс дээш өргөхгүй байхаар сойно. Мөчдийг хөдөлгөөнгүй байлгаж, шингэн зүйл сайн уулгаад эмнэлэгт авчрах ёстой"-г зөвлөж байсан юм.
Бамбай хоншоорт могойд хатгуулахаас сэргийлэх зөвлөмж:
- Ой мод, хад асгатай газар явахдаа урт түрийтэй гутал өмсөх,
- Могойтой таарвал огцом хөдөлгөөн хийхгүй байх,
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх,
- Өндөр өвс, буттай газраар явахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль Орчны Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

