С.Юндэн: Өвсөн дундуур явахдаа урт саваа мод эсвэл аяллын таягаар могойг үргээх хөдөлгөөн хийхийг зөвлөе

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор С.Юндэн хүргэлээ. 

Монгол Улсад жилдээ могойд хатгуулж гэмтсэн 100 гаруй тохиолдол бүртгэгддэг. Ихэнх хувийг хүүхдүүд эзэлж байна. Эрүүл мэндийн сайдын санаачилгаар 260 тун могойн хорны ерөндгийг оруулж ирсэн талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс мэдээлж байсан.  

Тэгвэл могойд хатгуулсан тохиолдолд анхан шатны ямар тусламж үзүүлэх хэрэгтэйг анагаах ухааны доктор С.Юндэн тайлбарлалаа. 



Тэрбээр "Зуны улиралд бамбай хоншоорт могойд хатгуулах тохиолдол ихэсдэг. Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд энэ төрлийн эрсдэл их.

Хатгуулсны дараа хэсэг газар улайх, хавдах, үрэвсэх, өвдөх шинж тэмдэг илрэхээс гадна зүрх судасны систем, мэдрэлийн систем доголдох, мэдрэлийн системийн хямрал гүнзгийрэх тохиолдолд өвчтөний амь насанд аюултай.

Ийм учраас могой элбэг байх эрсдэлтэй газруудаар явахдаа битүү, урт түрийтэй гутал өмсөж явах ёстой. Түүнчлэн майхан савныхаа битүүмжийг сайтар шалгахыг зөвлөе.

Өвсөн дундуур явахдаа урт саваа мод эсвэл аяллын таягаар могойг үргээх хөдөлгөөн хийж явах ёстой. Эмнэлгийн эм хэрэгслийн нөөцтэй хувийн бэлтгэлээ хангаж явах нь их чухал байдаг.

Могойд хатгуулсан тохиолдолд

  • Тайван байх
  • Бариу хувцас өмссөн бол задалж бие барихгүй болгох
  • Шингэн юм сайн уух
  • Хүйтэн жин тавьж болно. Гэхдээ хөлдөөх хэмжээний хүйтэн жин тавьж болохгүй. Эмнэлгийн тусламжийг газар дээр нь үзүүлэх, хоргүй суурь эмчилгээ хийх шаардлагатай" гэлээ.