"КОП-17 бага хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав орчмын замуудын зогсоолыг бүрэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана"
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын өмнөх талбайд хуралдаж, гарсан шийдвэрийн талаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр удахгүй эхлэх КОП-17 бага хурлын үйл ажиллагаатай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "КОП-17 бага хуралтай холбоотой хувийн хэрэгслээр Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний бууруулах зорилгоор нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, богино эргэлтийн нийтийн тээврийн үйлчилгээг бэлдсэн.
Мөн хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг багасгах зорилгоор Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвийн авто зогсоолыг бүрэн хаана. Намьянжугийн гудамж, Нарны зам, Их Монголын гудамж, Нарантуул, Дүнжингарав худалдааны төвтэй ойролцоох гудамж, замуудын зам дагуух зогсоолуудыг хаана.
Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар, Нарантуулын уулзвараас Дүнжингарав захын уулзвар, Дүнжингарав захын уулзвараас Зүүн жанжны уулзвар хүртэлх замуудад тодорхой хугацаанд тээврийн хэрэгслийг хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулна.
Тус замуудыг КОП-17 болох үеэр буюу наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд зөвхөн тусгай хэрэгцээт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн машин, нийтийн тээвэр, үйлчилгээнд явж буй автомашин болон тусгай чиг үүргийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр зохицуулсан.
Дээрх байршилд амьдарч буй оршин суугчдын тээврийн хэрэгслийг бүртгэлд хамруулж, ямар нэгэн саадгүйгээр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж ажиллана" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

