Бойкот зарласных нь дараа Грэммийн шагналын вэб сайтаас BTS хамтлагийн бичлэгүүдийг устгажээ
Грэммийн шагналыг зохион байгуулагчид зөвхөн Ази уран бүтээлчдэд зориулсан шагналын шинэ ангилал бий болгосон нь томоохон маргаан дэгдээгээд байгаа.
Долдугаар сарын 29-ний өдөр BTS хамтлаг үүнийг эсэргүүцэж, 2027 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдах 69 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд уран бүтээлээ илгээхгүй байх шийдвэр гаргаснаа зарласан билээ.
Тэгвэл үүний дараахан Грэммийг зохион байгуулагч Recodring Academy байгууллага BTS компанийн түүхэн тоглолтуудын дүрс бичлэгийг вэб сайтаасаа устгажээ.
Тухайлбал Грэммийн албан ёсны сайтад байсан 2021 оны “Dynamite”, 2022 оны “Butter” хит дуунуудын тоглолтын бичлэгүүдийг ямар нэг тайлбаргүйгээр устгасан байна.
Recording Academy энэ талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй юм.
Тус байгууллага наймдугаар сарын 28-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд шинээр бий болгосон “Best Asian Pop Music Performance” шагналын ангилалд өрсөлдөх бүтээлүүдийн нэрсийг хүлээж авахаа зарлаад байгаа.
Уг ангилалд өрсөлдөх бүтээлүүдэд цомгийнхоо ядаж нэг дууг Азийн үндэстнүүдийн хэл дээр дуулсан байх шалгуур тавьжээ.
BTS компанийн саяхан гаргасан “ARIRANG” цомгийн ихэнх дуу англи хэл дээр бүтээгдсэн байдаг.
Шүүмжлэгчид шагналын шинэ ангиллыг Азийн уран бүтээлчдийг “Song of the Year” зэрэг гол шагналуудаасаа тусгаарлах зорилготой ялгаварлан гадуурхсан арга хэмжээ гэж үзэж байгаа.
Дэлхийн шилдгүүд оролцдог Сөүлийн цуврал концертыг зохион байгуулагч “Hyundai Card” компанийн гүйцэтгэх захирал Тэд Чун “Азийн уран бүтээлчдийг тусгаарлах зорилготой гэж үүнийг ойлгож болох уу? Энэ логикоор бол Bad Bunny, Рики Мартини нар Латин хөгжмийн ангилалд орох ёстой болж байна уу? Ихэнх дуунуудаа англи хэл дээр дуулдаг BTS хамтлагт энэ шагнал тохирох уу? Би хөгжмийг хэлээр хувааж болдгийг өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Recording Academy байгууллагын гүйцэтгэх захирал Харви Мэсон Жүниор “BTS хамтлаг энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохгүй болсныг сонсоод би харамсаж байна. Гэхдээ уран бүтээлчийнхээ хувьд би тэдний шийдвэрийг ойлгож, хүндэтгэж байна” гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

