Н.Учрал: Оюутолгойн ногдол ашгаар эрчим хүчний асуудлаа шийдье гэхээр АН-ын зарим гишүүн таг зүүний үзэл баримтлалтай давхиад байна

Н.Эрхбаяр, iKon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2027 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн долоон хуулийн төсөл, гурван УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Тус хуулиуд дотор Оюутолгой төслөөс 2027 онд орж ирэх ногдол ашгаас хоёр их наяд төгрөгийг нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх агуулгатай хуулийн төсөл оруулж ирсэн. Чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал дээрх асуудалтай холбогдуулан дараах тайлбарыг өгөв. 

Тэрбээр "Өнгөрсөн оны төсвийн орлогын 90 хувь нь татвараас бүрдэж байсан. 2027 онд миний өргөн мэдүүлсэн төсвийн орлогын 80 хувь татвараас бүрдэж байгаа. Төрийн өмчит компанийн ногдол ашгийг төсөвт нэгтгэсэн. Өмнө нь төрийн өмчит компанийн захирлуудын халаасаар урсаж байсан. 

Түүхэнд 1.3 их наяд төгрөгөөр татвар хөнгөлж байсан удаа байхгүй. Ирэх жил 1.3 их наяд төгрөгөөр татвар хөнгөлнө. Рио Тинто группийн гүйцэтгэх захирал ирээд "дахин баталгаажуулъя" гэж хэлсэн. Нэг ёсондоо баталсны дараа ногдол ашгийг хэрхэн хуваарилах вэ гэдгийг УИХ-аас баталсан хуулийн дагуу шийднэ. 

17 жил ногдол ашиг байтугай "н" үсэг яриагүй. Сүүлдээ ногдол ашгийн хэлэлцээр хийж авч ирсэн хүмүүс нь буруутай болж байгаа юм шиг уур амьсгал оруулж байна. 17 жилийн дараа ногдол ашиг авч ирсэн нь түүх болж үлдэнэ.

Ардчилсан намын зарим гишүүнийг харахаар таг зүүний үзэл баримтлалтай давхиад байна. Тэр хүмүүс даанч энд байхгүй байна, орж ирвэл ярьчихмаар байдаг. Тэр хүмүүст хэлэхэд улсаа бодъё. 

Оюутолгойн ногдол ашгийн гурван их наяд төгрөгийн нэг их наяд төгрөгийг Хуримтлалын санд хийе. Хоёр их наяд төгрөгөөр нь эрчим хүч, нийгмийн суурь асуудлаа шийдье. ДЦС-6-г санхүүжүүлье, 10 аймгийн дулааны станц чинь бүсийн асуудал, хэрэггүй төмөр болгож байснаас дуусгая.

Тэгэхээр өөдөөс хэн нь илүү иргэдэд хайртай вэ гэдэг марафонд орчихсон юм шиг яриад байна. Ингэж ярилаа гээд иргэд та нарыг хайрлаад байхгүй дээ" гэв.

ВИДЕО: