АЙЧИ НАГОЯ 2026: Байт харваачид эмэгтэй хос төрөлд ХҮРЭЛ медаль хүртлээ
Японд үргэлжилж байгаа Азийн пара наадмын байт харвааны рекувр төрлийн эмэгтэй хос ангилалд Буянжаргалын Оюун-Эрдэнэ, Дэмбэрэлийн Сэлэнгээ нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэй хос төрөлд 16 тамирчин өрсөлдөхөд Монголын эмэгтэй баг урьдчилсан харваанд 1,078 оноогоор тавдугаарт жагссан.
Ингээд шөвгийн наймд Индонезийн багийг 6:2-оор буулган авсан бол хагас шигшээд БНХАУ-ын хосод дийлдсэн юм.
Хүрлийн төлөө манай тамирчид Ираны Мохадесса Бабахабид, Сомая Рахми нарыг 6:2-оор буулган авснаар энэ удаагийн пара наадамд Монголын багийн найм дахь медаль, хоёр дахь хүрлийн эзэд боллоо.
Дөрөв дэх өдрийн дараагаар Монголын баг дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Одоогийн байдлаар медалийн чансаагаар 13-т жагсаж буй.
Пара байт харваачдын тэмцээн үүгээр дуусаагүй. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Сэлэнгээ алтан медалийн төлөө маргааш буюу энэ сарын 24-нд өрсөлдөх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
