Б.Пүрэвдагва: Хотын төв болон зуслангийн авто замууд дээр давс, бодис асгах болон цас цэвэрлэгээ үргэлжилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд цас цэвэрлэгээний нөхцөл байдлыг танилцууллаа.

Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Өчигдрийн орсон цас онцлогтой. Улирал шилжих үед орсон цас хайлаад оройдоо хөлдөөд мөстөж, халтиргаа гулгаа ихэсдэг. Хотын төв болон зуслангийн бүсийн авто замууд дээр давс, бодис асгаж дууссан. Энэ ажил өнөөдөр үргэлжилнэ.

Өнөөдөр өглөөнөөс эхлэн хот нийтийн аж ахуйн салбарын ажилтнууд зам, талбайн цасыг үргэлжлүүлэн цэвэрлэж байна.

Энэ өвөл 3,200 ажилтан, 647 машин механизм, 700 гаруй бичил техникээр халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллана.

Өчигдөр орой халтиргаа гулгаанаас шалтгаалж авто замын ачаалал маш их байлаа. Бид эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхгүйн төлөө бүх хүчээ дайчлан ажиллана. Харин иргэд, жолооч нар автомашиныхаа өвлийн дугуйг тавих, ААН, байгууллагууд орчныхоо 50 м.кв талбайн цасыг цэвэрлэх үүргээ биелүүлэхийг уриалж байна" гэв.

Нийслэл хотод шөнийн 01:00 цаг хүртэл цас орсон бөгөөд хот нийтийн аж ахуйн салбарын ажилтнууд оройгоос шөнийн 04:00 цаг хүртэл зам, талбайн цасыг цэвэрлэжээ.

Өнөөдрөөс давс, бодис ачсан машинуудыг зуслангийн бүсэд ойр байршуулах, Хүүхдийн 100, Сөүлийн гудамжны явган хүний зам талбай халтиргаа ихтэй байгааг хэлж, зам, талбайн хөлдсөн мөсийг шуурхай цэвэрлэхийг тэрбээр Сүхбаатар дүүргийнхэнд үүрэг болгов. Тус дүүргийн албаны хүний хэлснээр явган хүний замыг дэрсэн шүүр, үлээгч, хүрз, цохигчоор цэвэрлэж байгаа аж.