Өнөөдрийн оруулсан хөрөнгө оруулалт маргаашийн ногоон ирээдүй
Тэрбум мод сан санхүүжүүлэн хэрэгжүүлсэн төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадна талбайг ногоон байгууламжтай болгосон анхны төслүүдээ хүлээлгэн өглөө.
Банкны салбарынхан хамтран “Тэрбум мод сан”-г 2022 онд байгуулсан. Сан анхны төслүүдээ 2023 онд сонгон шалгаруулж, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадна талбайг хүүхдэд ээлтэй, аюулгүй ногоон байгууламжтай болгох ажлаар эхлүүлж байжээ.
Төсөл хэрэгжүүлэх газраа сонгохдоо хотын төвөөс харьцангуй алслагдсан, төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг нь шийдсэн ч гадна талбайг нь тохижуулалгүй орхисон гээд үнэхээр санхүүжилт гаргах шаардлагатай сургууль, цэцэрлэгийг сонгосон. Хөрөнгө оруулалтыг 100 хувь үр дүнтэй байлгах үүднээс ойжуулалт, хот тохижилтын мэргэжлийн байгууллагаар 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан гүйцэтгүүлж, тарьсан мод нь орчиндоо дасан, цаашид ямар ч асуудалгүй ургах нөхцөл бүрдсэн тул ийнхүү сургууль, цэцэрлэгт нь хүлээлгэн өгч, төслөө хааж байна.
Чиглэл-1 буюу Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гаднах талбайг ногоон байгууламжтай болгох төслийн хүрээнд:
Төсөлд хамрагдсан төрийн өмчийн 42 сургууль, цэцэрлэгт 67 мянган хүүхэд сурч, хүмүүжиж байна. Сургууль, цэцэрлэг тус бүрт 8 төрлийн 700 гаруй мод, ургамлан хашлага, цэцгийн мандал, туршилтын хүлэмж, ус нөөцлөх сав, хөрсгүй орчинд хүнсний ногоо тарьдаг гидропоник аппарат, агаарын бохирдол ихтэй зарим сургууль, цэцэрлэгийн ангид агаар цэвэршүүлэгч бэлэглэж, Тэрбум мод сан нь төрд нэмэлт хүч болон ажиллаж ирсэн анхны амжилтаа, туршлага сургамжаа олон нийттэй хуваалцаж байна. Энэ бүхний үр дүнд хүүхдэд багаас нь экологийн боловсрол олгох, хүүхдээр нь дамжуулан эцэг эхчүүдэд мод тарих нөлөөллийн ажлыг ч хамтад нь хийж байгаа юм.
Төслөө зөвхөн сургууль, цэцэрлэг гэж явцууралгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон клиник буюу Нэгдүгээр эмнэлэг, СЭМҮТ, ХСҮТ-ийн гадна талбайг мөн ногоон болгож байна. Ногоон байгууламж нь агаар болон дуу чимээний бохирдлыг бууруулахын зэрэгцээ хүний сэтгэл санааг тайвшруулдаг олон талын ач тустай.
Тэрбум мод сангаас мөн санхүүжүүлсэн олон нийтийн оролцоотой ойжуулалтын 7 төслөө хааж, тухайн орон нутагт нь хүлээлгэн өглөө.
Эдгээр төслүүд нь Өмнөговь, Ховд, Баянхонгор, Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт хэрэгжиж, тухайн орон нутгийн иргэд өөрсдөө санаачлан доройтсон ойгоо нөхөн сэргээж, байгаль эх дэлхийгээ хамгаалах улмаар ойн салбарт ажиллаж байгаа мэргэжлийн ТББ, нөхөрлөл, хоршоод, ААН-үүдийг чадавхжуулдгаараа олон талын холбогдолтой. Хамгийн гол нь нутгийн иргэдийн сайн санаачилгыг санхүүжүүлдэг тул хэрэгжилт, үр нөлөөлөл өндөр байдаг.
Тэрбум мод сан нь 2022 онд байгуулагдаж, 4 жилийн хугацаанд нийтдээ 118 төслийг санхүүжүүлэн, 3366 га газарт 8,8 сая мод тарьсан нь 90-с дээш ургалтын хувьтай байна. Цаашид байгаль орчны салбар дахь олон улсын сан болон өргөжих зорилт тавин ажиллаж байна.
Өнөөдөр оруулсан хөрөнгө оруулалт - маргаашийн ногоон ирээдүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
