Украины армийн ашигладаг Старлинк системийн хурдыг Илон Маск бүрэн сэргээсэн тухай Трамп мэдээллээ
Украины зэвсэгт хүчний үйл ажиллагаанд саад учруулсан тухай маргаан дэгдсэний дараа Илон Маск тус улсын Старлинк интернэт үйлчилгээг сэргээсэн тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдээлжээ.
Өмнө нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү хиймэл дагуулын системд суурилсан, цэргийн зориулалттай "Starshield" сүлжээний холболт бүрэн сэргээгдээгүй байгааг мэдэгдэж байсан юм.
Үүний хариуд Трамп дээрх тайлбарыг өгсөн байна.
Маск өмнө нь уг хязгаарлалтыг (интернэтийн хурдыг удаашруулах) өөрийнх нь шийдвэр байсан гэх мэдээллийг үгүйсгэж байв.
Энэхүү хязгаарлалт нь Украины зэвсэгт хүчинд Оросын эсрэг дроноор довтлох, мөн өөрсдийгөө дайралтаас хамгаалах чадварт сөргөөр нөлөөлж байсан юм.
Трамп өөрөө Масктай холбогдож, үйлчилгээний хязгаарлалтыг цуцлахыг хүссэн гэх мэдээллийн талаар тодорхой хариу өгөхөөс татгалзсан ч энэ талаар сэтгүүлчдийн асуухад “Хамгийн гол нь тэр үүнийг буцааж хэвийн болгосон" гэж хариулжээ.
Трампын засаг захиргаа өмнө нь Маскийн компанид хандаж, үйлчилгээний хүртээмжийг хязгаарлахыг үүрэг болгосон гэх мэдээллийг үгүйсгэж байсан билээ.
Энэхүү хязгаарлалт нь Трампын зүгээс Украины ерөнхийлөгч Зеленскийд шахалт үзүүлж, Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү довтлохоо зогсоохыг шаардаж байсан цаг үетэй давхацсан юм.
Украины эдгээр довтолгоо нь газрын тосны үнэ өсөхөд нөлөөлсөн гэж Трамп үзэж байгаа.
Трамп ирэх сард болох завсрын сонгуулийн өмнөхөн Оросын эсрэг зарим хориг арга хэмжээг цуцалж, АНУ-ын зах зээлд Оросын дизель түлш импортлох хэлэлцээр байгуулсан нь Украин болон түүний Европын холбоотнуудын зүгээс шүүмжлэл дагуулсан юм.
Украин улс Оросын пуужингийн довтолгооны үеэр цэргийн харилцаа холбоо, эрт сэрэмжлүүлэх систем зэрэг олон төрлийн хэрэгцээндээ Маскийн SpaceX компанийн эзэмшдэг Старлинк сүлжээг ашигладаг.
Украины армийн ашиглаж буй системийн хурд хараахан бүрэн сэргээгдээгүй байгааг Пүрэв гарагт Зеленский мэдэгдэж байв.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр системийн хурд "одоогоор 400 км/цаг хүртэл сэргээгдээгүй байна. Бид энэ тал дээр ажиллаж байна" гэж хэлсэн юм.
Зеленский цааш нь ярихдаа "Би АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хариуг хүлээж байна. Тэр надад 48 цагийн дотор мэдээлэл өгөхөө амласан" гэж хэлжээ.
Украины ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн дараахан "Wall Street Journal" сонин Трамп Масктай утсаар ярьж, Украинд үзүүлж буй үйлчилгээнийхээ хурдыг сэргээхийг хүссэн тухай мэдээлсэн юм.
Уг мэдээнд Украины зэвсэгт хүчний ашигладаг Старлинк системийн шилжилтийн хурд 160 км/цагаар хязгаарлагдсан байгаа талаар дурджээ.
Хурдны хязгаарлалт нь Украины довтолгооны болон агаарын байг устгах зориулалттай дронуудыг Оросын халдлагын эсрэг хүчгүй болгосон байна.
Тус сонинд мэдээлснээр тэдний яриа болсноос хойш удалгүй уг систем хэвийн горимд илүү ойрхон ажиллаж эхэлсэн гэнэ.
Украин улс АНУ-аас тагнуулын мэдээлэл хүлээн авахад тасалдал үүссэн тухай анх аравдугаар сарын 14-нд мэдээлж байв.
Илон Маск өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ Украины байлдааны ажиллагаандаа ашигладаг Старлинкийн цэргийн зориулалттай хувилбар болох "Starshield"-д хандах эрхийг эцсийн дүндээ “АНУ-ын засгийн газар хянадаг” гэж байлаа. Тэрбээр уг системийг Пентагонд зориулан бүтээсэн болохыг дурдсан нь уг хязгаарлалтын цаана Пентагон байж болзошгүй гэсэн санааг цухуйлгасан байна.
Харин Цагаан ордон хандах эрхийг хязгаарлах тушаал өгөөгүйгээ удаа дараа мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
