ХААН Банк тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжихээр 172 сая ам.долларын санхүүжилт татлаа

СУРТАЛЧИЛГАА
1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банк нь Монгол Улсын тогтвортой эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах, бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 172 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийн олон улсын санхүүгийн байгууллагуудаас татлаа.

Төгрөг, ам.долларын хосолсон валют бүхий уг хамтарсан санхүүжилтийг Нидерландын хөгжлийн банк (FMO) удирдан зохион байгуулсан бөгөөд Данийн хөгжлийн санхүүгийн байгууллага (IFDK), Финландын хөгжлийн санхүүгийн байгууллага (Finnfund), BlueOrchard Microfinance Fund, ILX Funds зэрэг дэлхийд нэр хүндтэй томоохон хөгжлийн банк, хөрөнгө оруулалтын сангууд хамтран 5 жилийн хугацаатай, синдикат зээл хэлбэрээр ХААН Банканд олгож буй.

Энэхүү хамтарсан санхүүжилтийн 80 сая ам.долларыг ХААН Банктай 2009 оноос хойш хамтран ажиллаж буй урт хугацааны түнш Нидерландын хөгжлийн банк (FMO)-наас Монгол Улсын үндэсний валют болох төгрөгөөр олгож буйгаараа онцлог болж байна.

ХААН Банкнаас энэхүү санхүүжилтийн эх үүсвэрийн 30 хувийг ногоон зээл, төслүүдийг санхүүжүүлэх, үлдсэн 70 хувийг эмэгтэй болон залуу бизнес эрхлэгч, орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч харилцагчдаа дэмжихэд зориулан зарцуулах юм.

Монгол Улс газар зүйн байршил, эрс тэс цаг агаар зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг бөгөөд ялангуяа хөдөө аж ахуйн салбараас хамааралтай иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ өөрчлөлт илүү нөлөөлж байгаа юм. ХААН Банк уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход хувь нэмэр оруулахаар  тогтвортой санхүүжилтийн чиглэлд манлайлан ажилласаар ирсэн. Тухайлбал, 2015 онд ХААН Банк анхны ногоон зээлийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлж байсан бол 2023 онд Монгол Улсын анхны Ногоон бонд, 2024 онд Монгол Улсын анхны Нийгмийн бондыг тус тус гаргаж, байгаль орчин болон нийгэмд ээлтэй бизнес, төслүүдийг дэмжих замаар Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй.

ХААН Банк Тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд 2026 оны эцэс гэхэд нийт зээлийн багцынхаа 10 хувийг ногоон зээл, 15 хувийг жендэрийн санхүүжилтийн зээлээр бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Энэхүү хамтарсан санхүүжилт нь хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын “2X Challenge” санаачилгад нийцсэн санхүүжилт гэдгийг мөн онцлууштай. Тодруулбал, Нидерландын хөгжлийн банк (FMO), Финландын хөгжлийн байгууллага ( Finnfund), BlueOrchard Microfinance Fund болон ILX Funds-аас олгож буй санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг эзэмшигч нь эмэгтэй эсвэл эмэгтэй удирдлагатай бизнесүүдийг дэмжихэд зориулах юм. Данийн хөгжлийн байгууллага (IFDK) энэхүү гэрээний хүрээнд ХААН Банктай хамтын ажиллагаагаа анх эхлүүлж буй бөгөөд тус байгууллагаас өгсөн санхүүжилтийг бүхэлд нь ногоон зээл, төслүүдийг санхүүжүүлэхэд зориулж буйгаараа онцлог.

Уг хамтарсан санхүүжилтийг удирдан зохион байгуулсан Нидерландын хөгжлийн банк (FMO)-ны Санхүүгийн байгууллага хариуцсан захирал Фруке Хукстра хэлэхдээ “Бид олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч байгууллагуудтай хамтран Монгол Улсын байгаль орчинд ээлтэй, хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд олон жил тууштай ажиллаж ирсэн ХААН Банкны үйл ажиллагааг дэмжиж буйдаа баяртай байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй болон залуу бизнес эрхлэгчид, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн урт хугацаат санхүүжилтийн хэрэгцээг хангахад чухал хувь нэмэр оруулах юм. Бид ХААН Банктай тогтоосон урт хугацааны түншлэлээ өндрөөр үнэлдэг. Энэхүү чухал санхүүжилтийг бодит ажил хэрэг болгоход итгэл хүлээлгэн, хамтран ажилласан нийт хөрөнгө оруулагч түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

Мөн ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “ХААН Банк харилцагчидтайгаа хамт эгнэгт өсөж хөгжинө” гэж эрхэм зорилгодоо дурдсан байдаг. Бид олон улсын хөрөнгө оруулагчидтай тогтоосон найдвартай түншлэл, хамтын ажиллагаандаа тулгуурлан эмэгтэйчүүд, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид, залуучуудын хөгжлийг дэмжиж, тэдэнд шинэ боломжуудыг нээж өгөхийн төлөө тууштай ажиллаж ирсэн. Харилцагчдынхаа өсөлт, хөгжлийг дэмжих нь Монгол Улсын эдийн засгийг илүү хүртээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, олон тулгуурт эдийн засаг болгон хөгжүүлэхэд чухал түлхэц болох юм” гэж дурдлаа.

ХААН Банканд анх удаа урт хугацаат санхүүжилт олгож буй Данийн хөгжлийн байгууллага (IFDK)-ын Санхүүгийн үйлчилгээ хариуцсан захирал Дэйв Смитийн зүгээс “Ногоон хөгжлийн зорилтуудыг бодит хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэхэд санхүүжилтийн хүртээмж нэн чухал. ХААН Банк нь Монголын өнцөг булан бүрд байгаа олон салбар нэгж, үйл ажиллагаагаараа дамжуулан иргэд, аж ахуйн нэгжүүдэд байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэх боломжийг олгож байна. Бидний олгож буй санхүүжилт нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн хамтарсан санхүүжилтэд оролцогч Финландын хөгжлийн санхүүгийн байгууллага (Finnfund)-ын хөрөнгө оруулалтын менежер Киав Латтын зүгээс “Бид ХААН Банктай тогтоосон түншлэлээ улам өргөжүүлж, Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжиж буйдаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд ХААН Банк тогтвортой, ногоон, хүртээмжтэй санхүүжилтийн чиглэлд үр дүнтэй ажиллаж ирснийг бид харсан. Монгол Улсын өнцөг булан бүрд хүрсэн өргөн салбар нэгжээрээ дамжуулан эдгээр зорилтыг бодит үр дүн болгож, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүргэх онцгой давуу тал ХААН Банканд бий. Энэхүү санхүүжилт нь ногоон хөрөнгө оруулалтыг дэмжихийн зэрэгцээ эмэгтэйчүүд, залуу бизнес эрхлэгчид болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна” хэмээн хүлээгдэж буй үр дүнг өндрөөр үнэллээ.

Ийнхүү ХААН Банканд олгож буй 172 сая ам.долларын урт хугацаат санхүүжилт нь байгаль орчинд ээлтэй шийдлийг санхүүжүүлэх ногоон зээл, эмэгтэй, залуу бизнес эрхлэгчид, бичил бизнес, ЖДБ болон орон нутгийн бизнес эрхлэгчдэд зээл болж очих юм.    

Нидерландын хөгжлийн банк (FMO) -ны тухай

Нидерландын хөгжлийн банк нь өндөр зорилтот төсөл, хөтөлбөр болон бизнес эрхлэгч нарт хөрөнгө оруулах замаар хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн тогтвортой өсөлтийг дэмждэг олон улсын тэргүүлэгч нөлөөллийн хөрөнгө оруулагч байгууллага юм. Хүчирхэг хувийн хэвшил нь эдийн засгийн болон нийгмийн хөгжлийг бүтээдэг гэж үздэг бөгөөд эдийн засгийг илүү хүртээмжтэй, бүтээмжтэй, уян хатан, тогтвортой болгохын төлөө 55 жилийн хугацаанд бизнес эрхлэгчдийг дэмжсээр ирсэн туршлагатай. Хөдөө аж ахуй-хүнс-ус, эрчим хүч болон санхүүгийн байгууллага зэрэг хөгжилд өндөр үр нөлөөтэй гурван салбарт төвлөрөн ажилладаг. Дэлхийн 85 улс оронд нийт 16 тэрбум еврогийн хөрөнгө оруулаад буй дэлхийн хамгийн том хоёр талт хувийн хэвшлийн хөгжлийн банкуудын нэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Данийн хөгжлийн санхүүгийн байгууллага (IFDK)-ын тухай

Данийн хөгжлийн санхүүгийн байгууллага нь нөлөөллийн хөрөнгө оруулалтаар дамжуулан байгаль орчинд ээлтэй, шударга, хүртээмжтэй нийгмийг цогцлоох, мөн НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Африк, Ази, Латин Америкийн хөгжиж буй орнууд болон Украинд үйл ажиллагаа явуулж буй компаниудад хувьцааны хөрөнгө оруулалт, зээл, баталгаа хэлбэрээр арилжааны нөхцөлтэй, эрсдэл хүлээх хөрөнгө оруулалт хийдэг. Өнөөдрийг хүртэл дэлхийн хөгжиж буй 100 гаруй улс орон болон шинээр хөгжиж буй зах зээлийн 1,300 гаруй компанид хамтран хөрөнгө оруулалт хийсэн байна. Уг байгууллагын удирдаж буй нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 2025 оны эцсээр 3.3 тэрбум евро байгаа ба 2030 он гэхэд 6.0 тэрбум еврод хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Финландын хөгжлийн санхүүгийн байгууллага (Finnfund)-ын тухай

Финландын хөгжлийн санхүүгийн байгууллага нь дэлхий нийтийн хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж буй бизнесүүдэд хөрөнгө оруулах замаар тогтвортой хөгжлийг дэмжиж, урт хугацааны эерэг үр нөлөөг бий болгохыг зорьдог. Уг санхүүгийн байгууллагын зүгээс жилд дунджаар сэргээгдэх эрчим хүч, тогтвортой ойн аж ахуй, хөдөө аж ахуй, санхүүгийн байгууллагууд, дижитал дэд бүтэц болон технологийн шийдлүүдийг дэмжих чиглэлд хөгжиж буй орнуудын 20-30 компанид нийт 200-250 сая еврогийн хөрөнгө оруулалт хийдэг. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэлэлцээрийн нийт дүн 1.23 тэрбум орчим еврод хүрсэн бөгөөд үүний тал хувь нь Африк тивд хийгдсэн байна.

ХААН Банкны тухай

Монгол Улсын хамгийн том арилжааны банк болох ХААН Банк нь орон даяар нийт 545 салбар нэгж болон бүх төрлийн цахим сувгаар дамжуулан Монголын нийт хүн амын 84 хувьд банк санхүүгийн үйлчилгээг хүргэдэг. Үндэсний тэргүүлэгч банк болохын хувьд тогтвортой хөгжлийг дэмжих, цахим шилжилтэд түүчээлэх, харилцагч төвтэй байх бодлогынхоо хүрээнд хот суурин газар болон орон нутгийн иргэд, бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгч, мөн томоохон аж ахуйн нэгжийн харилцагчдад банк санхүүгийн цогц үйлчилгээг хүргэн ажиллаж, банкны салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.