117 дугаар сургууль LPG хийн түлшинд бүрэн шилжив

Д.Янжиндулам, ikon.mn
3 цаг 29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургууль түүхий нүүрсээр ажилладаг уурын зуухаар сургуулийн халаалтыг шийдвэрлэдэг байсан бол LPG хийн түлшинд бүрэн шилжжээ.

Тус сургуульд суурилуулсан хийн бойлер нь Япон улсын “Rinnai” үйлдвэрийн өндөр үр ашигтай, хийн түлшний зарцуулалт багатай, бүрэн автомат ажиллагаатай систем бөгөөд 10 жилийн баталгаат хугацаатай, найдвартай ажиллагаа, эрчим хүчний хэмнэлтээрээ давуу талтай байна.

Өмнө нь нүүрсээр ажилладаг уурын зуухтай байхад 1,500 орчим сурагч сургуулийн автобусны буудлаас болон ойр орчмын хорооллоос сургууль руу нэвтрэхдээ нүүрс буулгах талбай, үнсний сав бүхий хэсгээр дамжин явж үнс, тортогт бохирдон сургуулийн орчинд тоосжилт, бохирдол үүсэж анги танхимын цонхыг нээж агаар сэлгэхэд хүндрэлтэй байжээ. 

Сургуулийн уурын зуухыг LPG хийн түлшинд шилжүүлснээр 1,800 айлын яндангаас ялгарахтай тэнцэх хэмжээний хорт утаа, агаар бохирдуулагч бодисын ялгарлыг бууруулах боломж бүрдсэн байна.

Нийслэлийн хэмжээнд энэ жил найман зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөжээ.