Г.Дамдинням: Наймдугаар сард 66 мянган тонн АИ-92 шатахуун авахаар захиалгаа баталгаажуулсан
Иргэд өдөрт хэдэн цагаар шатахуунд дугаарлаж байна.
Хэдийгээр хилийн боомтуудаар шатахуун орж ирж байгаа гэж албаныхан мэдээлсээр буй ч түүнийг нь Шатахуун Түгээх Станц(ШТС)-уудад хүргэхэд хугацаа шаардаж байгаа юм.
Тэгвэл өнөөдөр уг асуудлаар Ерөнхий сайдын захирамж дагуу байгуулагдсан Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудсаараа мэдээлэв.
Мөн тэрбээр "Манай улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ энгийн оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг.
БНСУ-аас авах 20 мянган тонн АИ-92 автобензин нь нөөц бүрдүүлэх, эрсдэл бууруулах, эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилготой юм.
Засгийн газар импортын татан авалт, гааль, тээвэр, агуулах, түгээлтийн ажлыг зохион байгуулж, нийлүүлэлт тасалдуулахгүй байх чиглэлд 24 цагаар шуурхай ажиллаж байна. Нийлүүлэлтийн явц, түгээлтийн мэдээллийг тогтмол, ил тод хүргэж ажиллах үүрэг өгсөн.
Иймд иргэд та бүхэн албан ёсны мэдээлэлд итгэж, тайван, хүлээцтэй хандаарай гэж хүсье" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

