"Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд ОХУ-аас нийт 86 вагон буюу 5,160 тонн АИ-92 автобензин орж ирлээ"
Оросын Холбооны Улс(ОХУ)-аас ойрын өдрүүдэд орж ирсэн түлш, шатахууны мэдээллийг Ашигт Малтмал, Газрын Тосны Газар(АМГТГ) танилцуулав.
Тодруулбал Сүхбаатар боомтоор 2026 оны наймдугаар сарын 1-ний өдөр 22 вагон буюу 2,220 тонн, 2-ны өдөр 64 вагон буюу 2,940 тонн АИ-92 автобензин Монгол Улсад орж иржээ.
Ингэснээр хоёр өдрийн хугацаанд нийт 86 вагон буюу 5,160 тонн АИ-92 автобензин импортоор нийлүүлэгдсэн. Энэ нь манай улсын ердийн хэрэглээний ойролцоогоор 2-5 хоногийн хэрэгцээг хангах хэмжээ юм.
Импортлогдон ирсэн шатахууныг Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөнүүдэд тээвэрлэн хүргэж, агуулахад буулгах, улмаар Улаанбаатар хот болон орон нутгийн шатахуун түгээх станцуудад тасралтгүй түгээх ажлыг зохион байгуулж байна.
Мөн ОХУ-аас 2026 оны долоодугаар сарын 29-ний өдөр ачигдсан 28 вагон буюу 1,680 тонн АИ-92 автобензин Сүхбаатар боомтоор ойрын хугацаанд орж ирэхээр хүлээгдэж байгаа аж.
Сүхбаатар төмөр замын боомтоор орж ирж буй шатахууныг буух өртөөнүүдэд шуурхай хүргэх, буулгах, шатахуун түгээх станцуудад ачин нийлүүлэх ажлыг Улаанбаатар төмөр зам ХНН, Гаалийн байгууллага, холбогдох төрийн байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран 24 цагаар тасралтгүй зохион байгуулж, нийлүүлэлтийн хэвийн байдлыг хангах чиглэлээр бүх боломжит арга хэмжээг авч ажиллаж байгаа хэмээн АМГТГ-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

