Б.Одбаяр: Зам засварын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна. Наймдугаар сарын 23-наас хойш зам засахгүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын Газар (ЗДТГ)-ын өмнөх талбайд хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулсан юм.

Энэ үеэр Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газар(НЗХГ)-ын дарга Б.Одбаяр "Энэ жил зам засвартай холбоотойгоор нийт 85 төсөл хэрэгжүүлж байгаа. Нийт 101 км авто замын барилга угсралтын ажил, 31 км зам засвар, 74 км явган болон дугуйн замын ажлыг төлөвлөсөн байна. Нийт ажлын явц 63 хувьтай үргэлжилж буй.

Засаг даргын гаргасан шийдвэрийн дагуу 74 км явган болон дугуйн замыг одоо хэвийн байгаа замыг хуулахгүйгээр шаардлагатай замуудыг судалж, шинэчлэх байдлаар өнөөдөр ажлын хэсгээс хуралдаж шийдсэн. 

Одоогийн байдлаар Монелийн гудамжны замын засвар үргэлжилж байна. Борооны улмаас цементээр бэхжүүлсэн суурийн ажил тодорхой хугацаагаар хойшилж байгаа. Наймдугаар сарын 21-нд гэхэд хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөсөн. Содон хорооллоос Геологийн төв лаборатори хүртэлх үерийн даланг шинэчлэх ажил Дэлхийн Банкны санхүүжилтээр үргэлжилж байна. Сая үргэлжилсэн борооны улмаас мөн долоо хоногоор хойшлогдсон. Наймдугаар сарын 10-нд гэхэд бүрэн дуусгаж, хөдөлгөөн нээхээр төлөвлөж буй.

Өнөр хорооллын зам засварын ажил мөн л Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Зам засварын ажил наймдугаар сарын 15-нд дуусна.

Монелийн гудамжинд хэрэгжиж байгаа зам засварын ажил дууссанаар энэ жил хийж гүйцэтгэх авто зам засварын ажил бүрэн дуусна. Тодруулбал наймдугаар сарын 23-наас хойш дахин зам засварын ажил хийхгүй. 

Шинээр барих зам барилгын ажлыг арваннэгдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлнэ. Барилга угсралтын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа. Иргэдэд хүндрэл бага учруулах үүднээс ихэвчлэн шөнийн цагаар ажил гүйцэтгэж байгаа" гэв.