Б.Мөнхтамир: Зарим зардлыг хэмнэснээр "COP17"-ыг зохион байгуулах төсөв ₮301 тэрбум байсныг ₮250 тэрбум болгосон

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал(COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулна.

Олон улсын энэхүү хурлын бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд ойролцоогоор 4,000-6,000 зочин ирэх тооцоололтой байна. Өнөөдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, дэд сайд Б.Мөнхтамир нараас уг хурлын зохион байгуулалтын талаар тодрууллаа.

Энэ үеэр "COP17"-ыг зохион байгуулах байршил, товыг хэрхэн сонгосон талаар болон хуралтай холбоотойгоор хичээлийн шинэ жилийн хойшлуулах асуудал хөндөгдсөн зэргийг тодрууллаа.

Сайд Ц.Сандаг-Очир "Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажил 2024 оноос эхэлсэн. Б.Бат-Эрдэнэ сайдын үед шийдвэр нь гараад түүнээс хойш 3-4 сайд дамжсан. Анх хурлыг зохион байгуулахаар зургаан байршил судлаад НҮБ-аас сонгосон. Аюулгүй байдал нь хамгийн чухал тул эргэн тойрондоо өндөр барилгагүй, оролцоо хангагдах боломжтой байх, дэд бүтэц гэх мэтчилэн бүх талыг нь харгалзаад НҮБ-ын Конвенцын талынхан Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнг сонгосон.

Ойролцоо нь Туул голын усны нөөцийн хамгаалалтын бүс байгаа тул 50 метрийн радиусаас нь холдуулж, худгуудыг хамгаалж хашаажуулах зэрэг ажлаа хийсэн. Хурлын дараагаар цэцэрлэгт хүрээлэн томоохон дэд бүтэц үлдэнэ. Барилга байгууламжууд нь бүгд түрээсийнх. Дуусахад түр байгууламжаа хураагаад авна" гэв.

Түүнчлэн дэд сайд Б.Мөнхтамир "Хурал болохоос дөрвөн долоо хоногийн өмнөөс эхлээд хурал дууссанаас зургаан хоногийн хугацаанд НҮБ-ын газар нутаг гэж тооцогдож, тусгай хамгаалалтад байна. Элчин Сайдын Яамны статустай байна гэсэн үг. 

Наймдугаар сард товлогдсон шалтгаан нь долдугаар сарын сүүлээр Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын хурлын өмнөх хуралдаан нь болж, хэлэлцэх асуудлуудыг тогтооно. Наймдугаар сарын эхээр товлох гэхээр энэ хуралтайгаа хугацааны хувьд хэт ойртоно.

Хичээлийн шинэ жилийн тухайд хойшлуулах боломжгүй гэдэг хариу Боловсролын Яамнаас ирсэн. Иймээс эхний хоёр долоо хоногийн цахимаар оруулах хүсэлтээ уламжлаад байгаа" гэлээ.

"COP17" болох үед Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд 12 байгууламж баригдах юм. Үүнээс нийтийн ариун цэврийн хоёр байгууламж, 29 метр болон 36 метрийн диаметртэй хоёр цомцог гэр үлдэх бөгөөд бусад нь түрээсийн түр байгууламж түр хураагдана.

Цомцог гэрүүд нь нийслэлийн өмч болох тул эндээ намрын ногоон өдрүүд, шинэ жилд зориулсан худалдаа гэхчлэн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах боломжтой болох юм.

Түүнчлэн "COP17" хурлыг зохион байгуулах төсөв анх 301 тэрбум төгрөг байсныг зарим зардлыг хэмнэж 250 орчим тэрбум төгрөг болгосон гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын дэд сайд Б.Мөнхтамир хэллээ.

Уг зардал барилга байгууламж, тоног төхөөрөмжид зориулагдах юм.