ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийг байгуулах талаар хоёр орны талууд гарын үсэг зурав

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийг байгуулах, хэрэгжүүлэх хоёр талын хамтарсан хурал Төрийн ордонд өчигдөр боллоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Монгол-Хятадын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, түлхэц үзүүлэх зорилгоор БНХАУ-ын судалгааны гурван баг манай улсад ажиллажээ. Уг ажлын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд:

  • Монгол Улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, тэмцэх, газар нутгийг ойжуулах зэргээр экологийн бүтээн байгуулалт хийх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, гангийн нөлөөг багасгаж, аж ахуй, нийгмийн тогтвортой хөгжлийг бэхжүүлэх зорилготой цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах
  • Монгол, Хятадын ойжуулалт хийх замаар экологийн нөхөн сэргээлт болон цөлжилттэй тэмцэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
  • Хятадын тал Монголын талд экологийн нөхөн сэргээлт хийхэд техникийн дэмжлэг үзүүлж, хоёр улсын хил дээр хил дамнасан экологийн хамгааллын бүсийг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн амьтан, ургамлын экосистемийг нөхөн сэргээх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн ой, цөлжилтийн чиглэлээр БНХАУ-д 10 удаагийн сургалтад холбогдох албан хаагчдыг хамруулахаар болсон байна. 

Тус сургалтад Монголын талын төлөөлөгчийн хоёр улсын хооронд зорчих зардал болон дамжин өнгөрөх тээврийн зардал, Хятадад байх хугацааны сургалт, дотуур байр, тээврийн зардлыг Хятадын талаас үнэ төлбөргүй хариуцах аж.

БНХАУ "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төвийг байгуулах бэлтгэл ажлыг дүгнэх уулзалтын тэмдэглэлийг хоёр тал албажуулж гарын үсэг зуржээ.

ФОТО: