Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XVII бага хурлыг зохион байгуулах барилга байгууламжийн зардалд ₮50 тэрбумыг төсөвлөв

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулна.

Зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангахад Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын төлөөлөл хэдэн хүн хүлээх авах, хурлын танхим нь ямар байх ёстой вэ зэргээр стандартуудаа танилцуулсан байна. 

Энэ дагуу Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам(БОУАӨЯ), Гадаад Харилцааны Яам(ГХЯ) зэрэг холбогдох талуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж. 

Арга хэмжээг санаачлагчаар ажиллаж буй БОУАӨЯ-наас бага хурлыг зохион байгуулах барилга байгууламжийн зардалд 50 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэнийг 2025 оны улсын төсвийн төсөлд тусгажээ. 

Энэ талаар Сангийн Яам(СЯ)-ны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал "Сангийн Яам нь санаачлагч эсвэл хэрэгжүүлэгч биш ч гэлээ ирсэн төслийг хуулийн хүрээнд хянах ёстой. Барилга барих гэхээр том хэмжээнийх учир хугацаандаа амжихгүй байх магадлалтай. Сүүлийн үеийн угсардаг байгууламжууд бий. Иймд угсардаг байгууламжаар шийдэж, дараа нь өөр зориулалтаар ашиглаад явах нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэж үзсэн. 

Байршил нь Улаанбаатарт байх юм. Бидний төлөвлөгөө гэхээс илүүтэй НҮБ-ын удирдамжаар ажиллаж байна" гэсэн юм. 

2023 оны хоёрдугаар сарын 20-нд болсон Засгийн газрын хуралдаанаар Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Хөшигийн хөндийд зохион байгуулах шийдвэр гарч байв. 

Уг хурлыг зохион байгуулах ач холбогдлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас өмнө нь "Олон улсын тавцанд монголчууд өөрсдийгөө сурталчлах, цөлжилттэй тэмцэж байгаа өнөөгийн нөхцөл байдлаа олон улсын түвшинд танилцуулж, үнэн зөвөөр ойлгуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр гаднын хөрөнгө оруулалтыг татах, техник технологийг нэвтрүүлэхэд уг хурлын гол ач холбогдол оршиж байгаа" гэж мэдээлсэн юм.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд Монгол орны цөлжилтийн төлөв байдлын үнэлгээг таван жил тутамд нэг удаа хийдэг. Хамгийн сүүлд буюу тав дахь удаагийн үнэлгээг 2020 онд хийсэн юм. Тус судалгаагаар манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь их, бага хэмжээгээр цөлжилт, доройтолд өртсөн байгаа нь өмнөх 1996 оныхтой харьцуулахад ихээр нэмэгдээгүй ч хээрийн бүс рүү түрж орсон байгааг тогтоож байв.