• 6 сарын 13, Баасан

Л.Гантөмөр: Би намын даргын ажлаа өгнө. Байгуулалцсан засаг нь уначихаар намын даргаар үлдэх сэтгэлзүй болоод сонирхол надад алга​​

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МАН-ын Бага хурлын шийдвэрээр хамтарсан Засгийн газраас АН гарахаар болоод буй.

Энэ талаар Тэргүүн шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөрийн байр суурийг хүргэж байна.

Тэрбээр “Өчигдрийн Бага хурлын мэдээллийг бид авсан. Ерөнхий сайд бол “Хамтарсан Засгийн газар байх учиртай. Дэлхийн худалдааны дайнаас үүдэлтэй нөхцөл байдалд бид тэвчээртэй байх ёстой” гэдэг байр суурийг эцсээ хүртэл илэрхийлсэн байсан. Ерөнхий сайд АН-ыг гаргачхаад дангаар засаглана, өөр эвсэл байгуулна гэдэг байр суурь хаширт байхгүй. Бид гурав өнөөдөр гэрээгээ урдаа тавиад, уулзана.

Гэрээ зөрчигдсөн учраас АН Засгийн газарт орохгүй. Гэрээний зөрчил гэдэг бол Бага хурлын шийдвэр. Гэрээ бол уначихлаа. Тэгвэл ямар түвшинд яаж хариуцлага тооцох вэ гэдэг асуудал яригдана. Гэрээгээ биелүүлж чадаагүй бол хамтын хариуцлага хүлээн гэдэг заалт бий. Гэхдээ АН гэрээгээ биелүүлээгүй гэдэг гүтгэлэг.

АН-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа, С.Цэнгүүн нарыг нэрлэж байгаа. Эдгээр гишүүдийн илэрхийлж байгаа байр суурь бол намын байр суурь биш. Намын байр суурь Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооноос гардаг.

Гэрээнд би гишүүдийнхээ амыг барина гэж гарын үсэг зураагүй. Би намынхныхаа араншинг мэднэ шүү дээ. Тэгэхээр Засгийн газрыг унагаж байгаа шалтгаанаа МАН нуучихлаа. АН-ыг гаргаж байгаа нь шалтаг.

Ер нь цаашид жагсаалт гэж юу гэдгийг сайн бодмоор юм байна. Намынхаа шийдвэрийг хатуу баримтлах хүмүүсийг парламентад оруулж байж улс төрийн намын бодлогоо барих юм байна. Тэгэхгүй бол надаас эхлээд намын нэрээр гишүүн болсон хүмүүс намынхаа бодлогыг сөрж ажиллана гэдэг нь буруу жишиг. Тойргоос сонгогдсон хүмүүс сонгогчдынхоо эрхийг хамгаалдаг. Хамгийн их итгэл эвддэг нь жагсаалтаар орсон хүмүүс.

Би хоёр жилийн хугацаанд АН-ын нэгтгэхийн төлөө үйлээ үзлээ. Гэтэл МАН манай намыг хуваах стратеги хийж байсан. Тиймээс би намынхнаасаа эв эеийг хичээгээрэй гэж хүсээд байгаа. Бид бүгдээрээ өнөөдрийн хүртэл маш их тэвчээр гаргаж чадсан шүү.

АН тийм амархан хагарч, бутрахгүй гэж итгэж байна. Үүнийг би нам дотроо байнга яриад явна. Манай нам дотор маш олон ургалч үзэл бий. Тэр болгоныг эвлүүлж, шигтгэж авч явна гэдэг амар зүйл биш. Харин зодолдох, хэрэлдэх, салах үнэхээр амархан.

Л.Оюун-Эрдэнэ, Т.Доржханд бид гурав уулзана. Ямар ч шаардлага тавьсан би хүндэтгэлтэй хандах болно. Харин АН-ыг гэрээгээ зөрчсөн гэдэг гүтгэлгээ зогсоо гэдэг шаардлагыг Л.Оюун-Эрдэнэ даргад тавина. Үнэнээ л хэлэх ёстой. Ажиллахад хэцүү байгаа бол, АН олон албан тушаал аваад бэхжээд байгаа бол тэрийгээ л хэл. Эсвэл АН Хяналт, үнэлгээний сайдтай болоод шалгаад байгаа гэж гомдоллож байгаа гэсэн. Тэгвэл түүнийгээ л хэлэх хэрэгтэй. Би Л.Оюун-Эрдэнэ даргаас үнэнээ хэлэхийг л шаардана.

Би намын даргын ажлаа өгнө. Улс төрийн зөвлөлийн хурлаар намын даргын ажлыг хэрхэн шилжүүлэх вэ, хурлаа хэзээ хийх вэ гэдэг асуудал яригдана.

Засаг байгуулаад, засаг нь уначихаар намын даргаар үлдэх сэтгэлзүй болоод сонирхол надад алга. Би энэ намыг эв нэгдэлтэй болгоод босгоод ирье, хүний нөөцийг нь сайжруулъя, дээр нь улс орноо босгоод авъя гэж зүтгэж зөндөө хараалгаж, доромжлуулж зүтгэлээ.

Би МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан. Залуу үед итгэж байсан. Хууччуул бидний нийлсэн, салсан түүх хаалгаа хаасан гэж найдаж байсан. Найман жил засаглахдаа Монголчуудын амьдралыг ойлгодог болчихсон болов уу гэж найдаж байсан. Харамсалтай нь өөр зураг явж байна. Тиймээс би хариуцлагаа хүлээнэ. Би өөрийнхөө итгэлийг энэ мөчид тасалж байна. Дараагийн даргаар намаа эв нэгдэлтэй, хүчтэй байлгахад илүү ур ухаан гаргадаг хүн гарч ирээсэй гэж хүсэж байна" гэв.