Гамшиг ослын тохиолдол, ой хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар Улсын Онцгой Комисс (УОК), Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээлэл хийв.
Нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "2025 он гарснаар 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт 91 ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41.8 хувиар өссөн байна.
Аймаг орон нутгийн хувьд Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтийд дуудлага мэдээлэл ирснээс Хэнтийд хамгийн олон буюу 17 ой хээрийн түймэр бүртгэгджээ.
Өчигдөр буюу 2025 оны тавдугаар сарын 21-ний байдлаар хиймэл дагуулын ой хээрийн түймрийн дулааны цэгийг илрүүлэх системээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ой хээрийн түймрийн голомт байгааг илрүүлсэн.
Дээр дурдсан 91 удаагийн ой хээрийн түймрийн тавыг нь буюу 5.5 хувийг нь дээрх аргаар илрүүлээд буй. Тухайлбал Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Дорнодын Хэрлэн, Хөвсгөлийн Мөрөн суманд гарсан түймрийг хиймэл дагуулын тусламжтайгаар илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан.
Мөн Дорнод аймгийн Халхгол суманд түймэр гарсныг албаныхан шалгахад иргэд тариалангийн талбайн өвс шатаасан болохыг тогтоосон.
Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 623 ой хээрийн түймэр бүртгэгдэж, нийт 6.5 сая га талбай шатаж, ₮22.3 тэрбумын хохирол учруулжээ" гэв.
Түүний дараа ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Б.Баттүвшин Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан гал түймрийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Өчигдөр буюу тавдугаар сарын 21-ний өдрийн 11:00 цагийн орчимд сансрын хиймэл дагуулын системээр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд түймрийн халуун цэг илэрсэн. Энэ мэдээллийг аймгийн онцгой байдлын албаныханд хүргүүлж, хошууч н.Бат-Эрдэнэ тэргүүтэй 37 алба хаагч ажиллаж байна.
Тухайн түймрийн голомтод цаг уур, шинжилгээний байгууллагаас өгсөн мэдээллээр сүүлийн гурав хоногт хур тунадасгүй, агаарын температур +24-өөс 28 градус хүрч халах төлөвтэй. Голомт нутагт хуурайшил их, бартаа саадтай тул унтраах ажиллагаанд хүндрэл учруулж байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|