Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчлэх ажил эхэлжээ.
Тус хорооллын арын замд борооны ус ихээр тогтдог учраас газар доогуур иж бүрэн ус зайлуулах шугам хоолой тавих бөгөөд өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил үргэлжилж байгааг мэдээлэв.
Энэ талаар "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаа "Эдгээр замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж боловсруулсан.
Өнөр хороолол, Баянхошуу орчмын тухайн бүс нь сургууль, цэцэрлэг олонтой суурьшлын бүс. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх төрлийн оролцогчийн аюулгүй байдлыг хангасан цогц, гудамж замын жишиг байдлаар бүтээн байгуулалтыг хийх юм.
Өөрөөр хэлбэл замын ердийн шинэчлэлээс илүү нийтийн тээвэр, явган зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь иж бүрэн шинэчлэх онцлогтой” гэдгийг хэлэв.
Түүнчлэн "Явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч бүхий гарц зэрэг нэмэлт тоноглолуудыг хийнэ. Дээрх замуудад ус ихээр тогтдог хэсгүүд байгаа учраас иж бүрэн ус зайлуулах системийг ч шийднэ.
Өнөр хорооллын арын зам, Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх авто замуудыг Монгол Улсдаа жишиг байдлаар шинэчилснээр түгжрэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ" гэлээ.
Төслийг НЗДТГ болон Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!