Мөнгөн мод-2024 наадмаас "шилдэг бүтээл" шагналыг хүртсэн “Клеопатра” жүжгийг энэ оны долдугаар сарын 1-10-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа үзэгч олонд толилуулахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан Монгол театрын хамт болон тус жүжгийн уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр Монгол театрыг үүсгэн байгуулагч, жүжигчин Н.Баярмаа "Клеопатра жүжгийг жилийн өмнө Улаанбаатар театрын тайзнаа нийт 40 удаа тоглож, 20 гаруй мянган үзэгчдэд хүргэсэн. Энэ бол шинэ бүрдсэн театрын хувьд хүлээлтээс давсан амжилт байлаа.
Дуурийн театрт тоглох болсон нь учир шалтгаантай. Халаасандаа хадаасгүй залуучууд нийлээд эхэлж байсан гэхэд жүжиг маань маш амжилттай явж, үзэгчдэд хүрсэн. Мөн дахиад үзэхийг хүссэн гэсэн үзэгчдийн хүсэлт байгааг бид мэдэрсэн.
Манай жүжгийн баг бүрэлдэхүүн солигдоогүй. Ромын жанжны дүр хамтрахыг хүсэж байсан жүжигчин Ө.Мөнгөнтулгыг оруулж ирсэн. Энэ удаад бид Дэлхийн циркчдийн залуусыг оруулж ирж, олны хэсэгт тоглуулж байгаа.
Мөн Power Expo фестиваль энэ жил анх удаа топ модель шалгаруулах үйл ажиллагаа явуулсан. Үүнээс шалгарсан 20 үзэсгэлэнтэй охидод санал тавиад Египетийн гоо бүсгүйчүүдийн дүрд тоглуулахаар болсон. Бид алсын хараагаа бодоод гадаад руу авч явах зорилгоор жаахан танасан. 2 цаг 30 минутын дотор маш хэмнэлтэй байхаар жүжгээ багтаасан.
Яаж нэг тэрбум төгрөг босгоод уран бүтээл хийчихсэн юм бэ гэж бодогдож магадгүй. Манай уран бүтээлчид ч мэдэхгүй. Сонирхуулж ярихад А.Чингүн бид хоёр машины наймаа эрхэлж байсан.Амьдралын үнэн заримдаа гоё байдаг. Бид хоёр гарааны мөнгөө машины наймаа хийж эхэлж байсан" хэмээн ярив.
Үргэлжлүүлэн “Клеопатра” жүжгийн найруулагч А.Чингүн "Бид Монголын театрын урлагт дараагийн шинэчлэлийг авч ирэхийн тулд хамгийн анхны виртуал график ашиглаж, эхнээс нь дуустал хэмжээстийг өөрчлөх meta сэтгэмжийг авч ирэхийг хичээсэн. Энэ нь хлограм буюу гэрлийн шийдэлтэй нийлүүлж, орчин цагийн шинэ түвшнийг авч ирэхийг хичээлээ.
Мөн дэлхийд дөнгөж эхэлж буй мета драм гэх сонгодог бүтээлийг тавилаа. Урлагт хайртай, урлагаар ариусдаг хүн бүр энэ жүжгийг үзээсэй хэмээн хүсэж байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!