Цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол төрийн оршин тогтохуйн үндэс болсон чухал салбар. Энэ салбарыг цогцоор нь харж, хууль хэрэгждэг, хууль ард иргэдээ хамгаалдаг, хууль хэрэгжүүлэгчээ ч хамгаалдаг, хүний эрхийг дээдэлсэн, шударга, ил тод нээлттэй тогтолцоотой байх учиртайг” онцоллоо.
Тэрбээр харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагуудад дараах чиглэлээр үүрэг өгснийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамнаас мэдээллээ.
Цагдаагийн байгууллагад: Хар тамхи, мансууруулах бодисын хэрэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийлүүлэлтийн сүлжээг илрүүлэх, таслан зогсоох, устгал хийх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.
Мөн сошиал орчин, аппликэйшн, хэвлэл мэдээллийн сувгуудад хяналт тавьж, залуусыг хамгаалах арга хэмжээ авахыг чиглэл болголоо. Цагдаагийн алба хаагчид хар тамхитай холбоотой гэх хардлагыг ил тод шалгаж, буруутай бол хариуцлага тооцох, буруугүй бол нэр хүндийг хамгаалах хэрэгтэйг онцоллоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад: Ачаалал хэт төвлөрснөөс үйлчилгээ удааширч, иргэд бухимдаж байгааг шийдвэрлэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээний бүх төвд алба хаагч ажиллуулах, мэдээллийг өргөн түгээх үүрэг өгсөн.
Мөн нийслэлийн шийдвэр гүйцэтгэх нэгжүүдийг 9 дүүрэгт хуваарилан байршуулах, хүний нөөц, төсвийг шийдэхийг чиглэл болгосон. Иргэдийн өргөдөл, гомдол болон төлбөртэй холбоотой мэдээллийг ил тод болгох, хорих ангиудад хүний эрхийн зөрчил, дарамт шахалт гаргахгүй байхыг онцгой анхааруулсан.
Хил хамгаалах байгууллагад: Боомтын хяналтыг чангатгах, зорчигч тээврийн шалгалтыг сайжруулах, хилийн заставуудад гарч болзошгүй сахилгын зөрчил, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үүрэг өгсөн.
Алслагдсан анги нэгжүүдэд дотоод хяналт, камерын хяналтыг сайжруулж, бэлгийн болон бусад төрлийн хүчирхийллээс сэргийлэхийг чиглэл болголоо. Мөн цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэхийг анхаарууллаа.
Дотоодын цэрэгт: Дүрмийн бус харилцааг таслан зогсоох, алба хаагчдын орчин нөхцөлийг сайжруулах, зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байхыг онцолсон. Мөн гомдол, хүсэлт гаргах нээлттэй, нууцлалтай тогтолцоог бүрдүүлж, дарамт шахалтгүй орчин бий болгохыг чиглэл болгов.
Түүнчлэн ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан салбарын бүх байгууллагад сахилга хариуцлага, ил тод байдал, хүний эрхийг эрхэмлэсэн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, дотоод хяналтыг чангатгах чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгсөн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


