Нэтфликсийн үүсгэн байгуулагч "тэтгэвэртээ" гарахаар болжээ
Дэлхийн хамгийн том видео стриминг платформ Нэтфликсийг үүсгэн байгуулагч Рид Хастингс энэ оны зургаадугаар сард төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалаасаа буух болсныг зарлажээ.
Энэ жил 65 нас хүрч байгаа Хастингс тухайн үед Pure Software компанийн ажилтан байсан Марк Рандольфтой хамтран 1997 онд Нэтфликсийг үүсгэн байгуулсан юм.
Тэд эхлээд АНУ-ын зах зээлд DVD кино түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж байсан бол одоо технологийн хөгжлийн дагуу хувьсан өөрчлөгдсөөр видео стримингийн үйлчилгээ үзүүлэгч болжээ.
Нэтфликсийн удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд өгүүлснээр Хастингс одоо компанийн үйл ажиллагаанд оролцохгүй, хүмүүнлэгийн ажилд гол анхаарлаа төвлөрүүлэх гэнэ.
Түүний олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд өнөөдрийн Нэтфликсийн инновацын соёл бий болсон, дэлхий нийтийн зугаацах хэв маягийг түүний алсын хараа, манлайлал тодорхойлсон болохыг дээрх мэдэгдэлд бас магтан бичжээ.
Хастингсийн хөрөнгийн хэмжээ сүүлийн байдлаар $5.8 тэрбум байгаа. Үүний бараг тал орчмыг түүний Нэтфликс компанид эзэмшдэг 0.5 хувийн үнэлгээ бүрдүүлдэг юм.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
