УИХ-ын гишүүн Х.Баттулга Азийн наадмын, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар зуны олимпын багийн ахлагчаар томилогдов

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өчигдөр Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл хуралджээ. Цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан уг хурлаар бүх гишүүдийн хурлыг ирэх тавдугаар сарын 7-нд хийхээр болсон байна.

Мөн ойрын үед болох томоохон тэмцээний бэлтгэл ажлын хүрээнд багийн ахлагч нарыг томилсон аж. Тухайлбал “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын багийн ахлагчаар өмнө нь Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Х. Булгантуяаг томилсон бөгөөд энэ шийдвэр хэвээр үргэлжилж байгаа аж.

Харин Монголын талаас 500 орчим тамирчин оролцох тус наадам нь Японы нэг бус хот, дүүрэгт зохиогдох тул багийн ахлагч нарын тоог нэмэхээр болов. Ингээд УИХ-ын гишүүн, Монголын Жүдогийн Холбооны тэргүүн Х.Баттулгыг томилжээ. 

Түүнчлэн “Лос Анжелес-2028” олимпын наадамд бэлтгэх ажлыг эртнээс системтэй эхлүүлэх хүрээнд Монгол Ардын Нам (МАН)-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг Монголын багийн ахлагчаар сонгосноо зарлав. Я.Содбаатар нь Монголын Чөлөөт Бөхийн Холбоо (МЧБХ)-ны тэргүүнээр 2024 оноос хойш ажиллаж буй. Тэрбээр мөн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон билээ.