ФОТО: Бүх хоол нь ₮15,000 үнэтэй олон улсын хоолны өдөрлөг 10 хоног үргэлжилнэ
Д.Сүхбаатарын талбайд зассан асарт "UB Food Festival" өнөөдөр нээлтээ хийв. Энэ сарын 26-ныг дуустал 10 хоногийн турш үргэлжлэх хоолны фестивальд 30 рестораны 200 гаруй тогооч, 18 улс үндэстний хоолоор үйлчилж байна. Тодруулбал Монгол үндэсний хоолноос гадна Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Казахстан, Орос зэрэг 18 улс үндэстний нэрийн хоол гарч байв.
Хамгийн анх 2013 онд зохион байгуулагдсан тус фестиваль энэ жил 12 дахь удаагаа болж байгаа юм. Талбайд зассан төв асарт нэг дор 4,000 хүн цугларах багтаамжтай бөгөөд хоёр талаар нь эгнүүлсэн жижиг асруудад 30 рестораны хоол, унд, элдэв амттанаар иргэдэд үйлчилж буй.
Энэ жил Азербайжан, Орос, Казахстанаас мэргэжлийн тогоочид ирж, казах, кавказ үндэстний хоолоор үйлчилж байгааг зохион байгуулагчид онцолсон.
Түүнчлэн олон улсын хоолны өдөрлөгийг тохиолдуулан Нийслэлийн "Улаанбаатар" театрын уран бүтээлчид өдөр бүр тоглолт зохион байгуулах юм. Мөн тусгай зассан самбарт хадсан тусгай хөтөлбөрийн дагуу янз бүрийн уран бүтээлчид цугларсан олонд сонирхуулахаар төлөвлөжээ.
Үүгээр зогсохгүй олон улсын хоолны фестивалийн үеэр болдог хоолны тэмцээн, уралдаан зохион байгуулах аж.
Хоолны фестивалиар үйлчилж буй бүх хоол ₮15,000 үнэтэй. Кофе, ундаа зэрэг нь төрөл зүйлээсээ шалтгаалан ₮2,500 - ₮10,000 байна. Гэхдээ шорлог гэх мэт махан төрлийн хоолны дараалал их, олдоц ховор байв.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
