DJI Matrice 400 дрон ашиглаж нийслэлийн барилга байгууламжийн гадна фасад, замын гэрлэн дохиог угаадаг болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын их цэвэрлэгээний хүрээнд тусгай зориулалтын төхөөрөмжөөр барилгын гадна фасад, гэрлэн дохио зэргийг угаадаг болжээ.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Ц.Очироо “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээг гуравдугаар сарын 20-ноос эхлэн зохион байгуулж байна. Эхний ээлжид зам, талбайн цэвэрлэгээ хариуцсан 46 байгууллага өөрсдийн хариуцсан бүсэд хур хог, автобусны буудлын сандал, хогийн сав зэргийг угааж цэвэрлэсэн.

Түүнчлэн Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр хүртэлх Туул гол дагуух 21.4 км урт, 50 га талбайг цэвэрлэсэн. Энэ ажилд 46 байгууллагын 720 ажилтан, мөн иргэдийн бүлгийн 88 ажилтан оролцсон. Бүх нийтийн их цэвэрлэгээ эхэлснээс хойш 305 тонн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргээд байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 80 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 10 мянга нь л бүх нийтийн их цэвэрлэгээнд хамрагдсан. Өөрөөр хэлбэл нийт аж ахуйн нэгжийн 13 хувь оролцсон. Иймд иргэд, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хогоо биш, соёлоо үлдээе” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.

Мөн шинэ техник, технологийг нэвтрүүлж, DJI Matrice 400 төрлийн дроныг ашиглан барилгын гадна фасад, замын гэрлэн дохио зэрэг өндөрт байрлах хэсгүүдийг өнөөдрөөс угааж эхлээд байна. Уг дрон нь тусгай даралтат ус шүршигч төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд өндөрт аюулгүй, үр ашигтай цэвэрлэгээ хийх боломжийг бүрдүүлж байна” гэж мэдээллээ.

"Хоббизоон” ХХК-ийн Ерөнхий менежер Б. Мөнхсүлд “Барилгын гадна фасад, замын гэрлэн дохио зэрэг өндөрт байрлах хэсгийг угаахад ашиглаж буй DJI Matrice 400 дрон нь 6 килограмм хүртэлх даацтай.

Энэхүү дрон нь нэг цагт 800 ам метр хүртэлх талбайг цэвэрлэх хүчин чадалтай буюу таван хүний нэг өдөрт хийх ажлыг ойролцоогоор хоёр цагийн дотор гүйцэтгэх боломжтой. Мөн холболтын шланкны уртаас шалтгаалан 50-100 метрийн өндөрт ажиллах боломжтой” хэмээв.

зураг
 

Хоббизоон ХХК нь дэлхийн дрон үйлдвэрлэгч DJI-ийн Монгол дахь албан ёсны дистрибьютор аж.