Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бодлогын хүүг 12 хувь хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо. 

Гарсан шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.

Тэрбээр "Инфляц сүүлийн гурван сарын турш саарч, 2025 оны тавдугаар сард улсын хэмжээнд 8.3, Улаанбаатар хотод 9.4 хувьтай гарлаа. Ийнхүү саарахад мах, гурил зэрэг хүнсний гол барааны үнэ болон импортын барааны үнэ хүлээлтээс бага өссөн нь нөлөөллөө. Түүнчлэн Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос тооцдог хэрэглээний үнийн индекс шинэ суурьт шилжсэн нь инфляцыг бууруулсан.

Иймд энэ оны инфляцын төсөөллийг мөн Монголбанк бууруулж байна. Ирэх улирлуудад инфляц 9-10 хувьд хэлбэлзэж, оны сүүлээр алгуур буурч, 2026 оны эхний улиралд төв банкны зорилтот интервалд орж буурах төсөөлөлтэй байна.

Эдийн засгийн өсөлт 2025 оны эхний улиралд 2.4 хувьтай буюу хүлээлтээс бага гарсан. Үүнд зэс, алт, нүүрсний олборлолт багассан, нүүрсний үнэ буурсантай холбоотой тээврийн салбарын орлого агшиж, худалдааны салбарын идэвхжил буурсан зэрэг нь голлох нөлөөг үзүүллээ.

Өсөлтийн хурд ийнхүү саарсан нь энэ онд эдийн засгийн өсөлт 6 орчим хувьтай гарах хүлээлтийг бий болгож байна.

Төлбөрийн тэнцлийн цаашдын төлөвт нүүрсний үнийн бууралт томоохон эрсдэл дагуулж буй.

Гадаад худалдааны нөхцөл муудаж болзошгүй байгаа энэ үе нь Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх хугацаатай давхцаж байна. Иймд эдгээр төсөл хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвт нөлөөлнө гэж харж байна.

Гадаад дотоод орчны нөхцөл байдал, инфляцын цаашдын төлөвийг харгалзан бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа" гэв.

Түүнчлэн тэтгэврийн зээлийн талаар тэрбээр "Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж, зээлдэгчийн хувьд өр төлбөрийн дарамт, санхүүгийн ачаалал өндөр байна. Үүнийг харгалзан төв банкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны гуравдугаар сарын ээлжит хурлаараа зохицуулалт хийх шийдвэр гаргасан ч тохируулга хийх зайлшгүй шаардлага үүслээ.

Тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн өндөр төлбөртэй зээлдэгчдэд үүсээд буй хүндрэлийг шийдвэрлэх хүрээнд зохицуулалтын арга хэмжээ авахаар болсон. Энэхүү арга хэмжээ нь өмнөх тэтгэврийн зээлээ төлж, дахин зээл авах санхүүгийн хэрэгцээ шаардлагаа хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зээлийн төлбөрийн ачааллыг аажмаар бууруулахад чиглэгдсэн. Тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил тул нэг стандартыг мөрдүүлэх алгуур шилжилтийг хэрэгжүүлэхээр боллоо" гэлээ.