• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Э.Бат-Орших: Дорнодоор дамжин өнгөрч буй жуулчдад нутгаа танилцуулах, нэмүү өртөг шингэсэн нутгийн онцлог бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх өргөн боломж бий

ikon.mn
2025 оны 6 сарын 13
ikon.mn
зураг
 

Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Дорнод аймгийн Чойбалсан хотноо 2025 оны 06 сарын 12,13-ны өдрүүдэд хүнсний салбарын үйлдвэрлэгчдэд зориулсан ногоон бизнесийг хөгжүүлэх Хурдасгуур хөтөлбөр зохион байгуулагдаж байна.

Тус аймагт хүнсний чиглэлээр 190 аж ахуй нэгж үйлдвэрлэл эрхэлдэг. Түүхий эдээ цуглуулахаас эхлээд хэрэглэгч хэрэглээд дуусах хүртэлх үйлдвэрлэлийн үе шатыг хэрхэн байгаль орчин болон нийгэмдээ ээлтэй байдлаар тойрог загварт шилжүүлэхэд нь цогц мэдлэг олгох зорилготой тус хөтөлбөрт хөдөө аж ахуй, сүүн бүтээгдэхүүн, зөгийн аж ахуй, талх, нарийн боов, ус, ундаа зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 80 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна.

зураг
 

Л.Энхболд /Дорнод Эко Хүнс ХХК-ийн захирал/:

“Манайх аймагтаа 7 дахь жилд эко загас болон адууны махан душенк, утсан гахайн мах, утсан каз зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, томоохон дэлгүүрүүдэд нийлүүлж байна. Манайх ер нь бол хаягдал их гардаг байсан. Тэр хаягдлуудаа тойргийн зарчимд оруулж, хаягдалгүй байх бүрэн боломжтой юм байна. Жишээ нь душенк үйлдвэрлэх үед гардаг яс, булчин зэргийг буталж, тахиа гахайн тэжээл, бордоо болгох замаар харилцан бие биеэ дэмжиж, байгальдаа ээлтэй байх бүрэн боломжтой гэж үзэж байна.”

зураг
 

Ц.Сумъяа /Афта ХХК-ийн захирал/:

“Ер нь бизнес хийх явцдаа аль болох байгаль орчиндоо ээлтэй байж, хог хаягдал бага гаргах, ингэхдээ бусад бизнесүүдтэйгээ мөн хамтрах талаар тодорхой цэгцэлсэн ойлголттой боллоо. Сургалтаас өөртөө авсан нэг гоё санаа байна. Манайх жимс, нарийн ногоог хэрэглэгчдэдээ шинээр нь хүргэх шаардлага гардаг. Энэ явцад хорогдол болон хаягдал их үүсдэг. Сургалтаас өмнө бид хог хаягдал гэж харж, ярьдаг байсан. Харин үүнийг буталж, дахин боловсруулж, тэжээл бордоо болгон хэрэглээнд дахин оруулж болох юм байна.”

Хөтөлбөрийн оролцогчид хоёр өдрийн турш бизнесийн болон байгаль орчны сэдвээр зөвлөх багш нараас суралцаж, харилцан өөр хоорондоо туршлагаа судаллаа. ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг тус аймагт эко үйлдвэрлэл хөгжүүлэх олон талын боломж буйг сургалтын багийнхан онцолж байна.

зураг
 

Э.Бат-Орших /Эдийн засгийн ногоон шилжилт төслийн “Хурдасгуур” хөтөлбөрийн зөвлөх багш/:

“Дорнод аймгийн хувьд Манжуур, Хайлаар зэрэг хот руу аялж буй жуулчид, зочид дамжин өнгөрдөг орон нутаг. Аялал жуулчлалыг дагаж бий болдог хог хаягдлын асуудал бий болдгийг оролцогчид хэлж байна. Нөгөө талдаа нутгийн үйлдвэрлэгчдэд эдгээр жуулчдад нутаг орноо заавал танилцуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх өргөн боломж байна. Хоёрт, Дорнод аймаг нь аж үйлдвэрийн бүс нутаг байсан. Түүн дээр суурилсан хөдөө аж ахуй, ус ундаа зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүн аймагтаа үйлдвэрлэж байна. Энэ удаагийн хурдасгуур хөтөлбөрөөр эко байх тухай, байгальдаа ээлтэй байх тухай нэгдсэн ойлголтыг олж авлаа. Дахин ашиглах, нэгдэх, хамтрах чиглэлээр үйлдвэрүүд маань өөр хоорондоо ярьж байна. Мөн цаашид банкууд, Дорнод аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд нийлүүлэх бус байгальдаа ээлтэй, нийгэмдээ ээлтэй байх дээр бодлогын түвшинд хамтарч ажиллана гэж бодож байна.

зураг
 
зураг
 

Дорнод аймагт анх удаа зохиогдож буй Хурдасгуур хөтөлбөрийг Европын Холбооны Свич-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэй Эдийн Засгийн Ногоон Шилжилт төслийн баг Дорнод аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, Дорнод аймгийн хүнс хөдөө аж ахуйн газар болон Амжилтын зөвлөх ТББ-тай хамтран зохион байгуулж байна. 

Оролцогчид сургалтын үеэр мөн ногоон загварт шилжсэнээр бий болох ногоон зээлийн боломжууд, эко тэмдэгжүүлэлт, БОНЗ үнэлгээний талаар мэдлэг хуримтлууллаа.

Европын Холбооны Свич-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэй "Эдийн Засгийн Ногоон Шилжилт" төслийг зах зээлд суурилсан эко шошгожуулалт, ногоон баталгаажуулалтын системийг хүнс, ус, ундааны салбарын БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгч нарын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэн, тэднийг дадал, зан төлөвөө өөрчлөн чадавхжих мэдлэг, сургалтаар ханган ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болгох замаар тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэхээр 2021- 2025 оны хооронд хэрэгжүүлж байна. 

зураг