Ко Сонг Хүн нь Улаанбаатар хотод төвтэй “Evandis Entertainment” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд хөгжмийн салбараас гадна продакшн, боловсролын чиглэлээр Монгол, Өмнөд Солонгосын соёлыг холбож яваа нэгэн юм.
Өмнөд Солонгост төрж, Монголд өсөж хүмүүжсэн тэрбээр хөгжмийн урлагт дуртай, чин хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн 2019 онд Evandis компанийг байгуулжээ. Түүнтэй энэ зуны хамгийн том KPOP тэсрэлт болох үзэгчдийн хүсэн хүлээсэн "SUPER CONCERT 2025"-ын тухай товч ярилцлаа.
Уг тоглолтын гол уран бүтээлчид нь дэлхийн алдарт "BIG BANG" хамтлагийн гишүүн TAEYANG болон дуучин AILEE нар юм.
- Сайн байна уу, Тантай ярилцах болсондоо таатай байна, маш их ажилтай завгүй харагдаж байна. "Evandis Entertainment" -ын тухай та эхлээд танилцуулахгүй юу?
- Манай компани 2019 онд байгуулагдсан , харьцангуй залуу ч нэрдээ маш гүн утга санааг агуулдаг. “Evandis” нэр нь evangelize (сайн мэдээг түгээх) ба disciple (шавь) гэсэн хоёр санааг хослуулсан үг юм. ‘Evangelize’ буюу сайн мэдээг түгээх гэсэн үгнээс эхний EVA үсгийг авч, шавь гэсэн санаатай хослуулан бүтээсэн.
Ийнхүү манай компанийн хувьд “Evandis” гэдэг нь нийгэмд утга учиртай, эерэг нөлөө үзүүлэх, хүмүүст урам зориг өгөх, тэднийг удирдан чиглүүлэхийг илэрхийлдэг. Манай компанийн зорилго нь иргэдэд эерэг нөлөө бий болгож, түүнийгээ өсгөж тэлэхэд оршдог гэж хэлж болно.
- Энэ удаагийн тоглолтын гол уран бүтээлчдийг хараад үнэхээр догдолсон, олон олон хүнд ийм мэдрэмж төрсөн байх энэ жилийн тоглолтын бүрэлдэхүүнийг хэрхэн шийдсэн бэ? Мөн Монголын уран бүтээлчдийг яаж оруулсан тухайгаа яривал?
- Энэ удаад бид Ailee болон Taeyang нарыг тоглолтынхоо гол уран бүтээлчээр урьсан. Эдгээр уран бүтээлчид бидний ихэд хүндэлдэг, удаан хугацаанд Монголд урьж авчрахыг хүссэн зочид юм. Тэдний Монголд ирэх боломж энэ жил баталгаажиж ажил хэрэг болж буйд бид маш их баяртай байгаа. Энэ нь тэдэнд Монголын ард түмэн, соёлыг таних, ойлгох онцгой боломж юм.
Мөн Солонгосоос гурван DJ-г урьсан байгаа. Тэд тус бүрээрээ тайзнаа онцгой өнгө аястай, эрч хүчтэй бүтээлүүдийг хүргэх бөгөөд үзэгчдэд маш их таалагдана гэж итгэж байна .
- Taeyang, Ailee нарын хамтран ажиллах тохиролцоо ямар байдлаар явагдсан бэ, тэднийг хэрхэн урьсан тухайгаа хуваалцаач?
- Бидний энэ бүх ажилд “know-how” буюу туршлага чухал байдаг ч эхлэл нь Монголыг сурталчлах гүн урам зориг, хүсэл мөрөөдлөөс маань эхлэлтэй гэж би үздэг.
Энэ тоглолт болон бусад өргөн хүрээний ажлуудыг амжилттай болгоход нэг чухал хүчин зүйл бол Evandis Entertainment зөвхөн шоу энтертайнментаас гадна боловсрол, продакшн зэрэгт төвлөрч ажилладаг явдал юм.
Сүүлийн жилүүдэд бид олон улсын томоохон төслүүд дээр хамтарч ажиллах боломж олж авсан. Жишээлбэл Солонгосын KBS телевизийн бүтээлд туслалцаа үзүүлсэн зэрэг багтана. Энэ нь бидэнд тус салбарынхан хоорондын бодит харилцаа холбоо тогтоож, ялангуяа тэдний итгэлийг хүлээх том түлхэц болсноор энэ бүх зүйл эхэлсэн.
- Taeyang, Ailee нар "SUPER CONCERT 2025" тоглолтод хэдэн дуу дуулах вэ?
- Олон нийтийн цахим сүлжээгээр Taeyang 2-3 дуу дуулна гэсэн ташаа мэдээлэл их цацагдаж байна. Бид хэдэн дуу дуулах талаар мэдээлээгүй байгаа.
Taeyang энэ тоглолтод 9-10 дуу дуулна гэдгийг албан ёсоор зарлаж байна. Энэ дунд өөрийнхөө ганцаарчилсан уран бүтээлээс гадна "BIG BANG" хамтлагийнхаа хэд хэдэн дууг дуулна. Хэрэв тоглолтын уур амьсгал сайхан байвал нэмээд 1-2 дуу дуулна гэж бодож байна.
- Ailee саяхан хуримаа хийсэн. Түүний нөхөр нь Солонгосын алдартай шоуд оролцож байсан бөгөөд хамт ирнэ гэсэн мэдээлэл явж байна.
- Ailee нөхөртэйгөө ирэх нь үнэн. Эхнэрээ дэмжихээр ирнэ, гэхдээ албан ёсоор олон нийтийн өмнө гарч ирэх талаар мэдээлэлгүй байна.
- Өнгөрсөн жил Rain-ий тоглолтын дараа Монгол орноор аялуулсан. Ailee болон Taeyang нарыг Монгол орноор аялуулах хөтөлбөр бэлдсэн үү?
- Бид гадаадын том уран бүтээлчид ирэхэд хурдан ч гэсэн Монголын сайхан газруудыг үзүүлдэг. Ailee болон Taeyang нар дээр энэ уламжлалаа үргэлжлүүлэхээр хичээж байгаа.
Зуны сар эхэлж, зүлэг ногоо ургачихсан байгаа энэ үед сайхан байгаль үзүүлбэл гоё болов уу. Бид уран бүтээлчдийнхээ хуваарийг харж байна. Том уран бүтээлчид маш шахуу хуваарьтай явдаг. Гэхдээ аль болох бүтээх талаас нь ярилцаж байгаа.
- "Evandis" энтертайнментийн зүгээс "SUPER CONCERT"-ын цаашдын ирээдүйг хэрхэн харж байгаа вэ?
- Бид яг энэ эрчээ алдахгүйгээр жил бүр дэлхийн хэмжээний том уран бүтээлчдийг Монголд урьж, дуулуулна. Монгол Улсын урлаг соёлыг дэлхийн том одууд мэддэггүй байсан. Өнгөрсөн жилээс Rain-ийг авч ирснээр Монгол Улсын соёл урлагийг олон улсад таниулж эхэлсэн. Энэ бол бидний зорьсон зүйл. Цаашдаа илүү том зэрэглэлийн уран бүтээлчид ирэх боломж нээгдсэн гэж бид харж байгаа.
2025 онд K-pop буюу Өмнөд Солонгосын поп хөгжмийн урсгал нь зөвхөн хөгжмийн салбарт бус, дэлхийн соёл, эдийн засаг, технологи, боловсрол, аялал жуулчлал зэрэг олон чиглэлд гүн гүнзгий нөлөө үзүүлдэг билээ. Энэ үзэгдэл нь “Korean Wave” буюу Hallyu-гийн нэгэн томоохон давлагаа болж, дэлхийн олон орны залуусыг соёлын хил хязгаарыг давахад хөтөлсөөр байгаа билээ. Тэгвэл Монголдоо анхдагч Солонгос Монголын хамтарсан "Evandis" энтертайнмент 2024 онд "Your Valintine", "Super concert 2024" KPOP тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан.
- Яг өнөө үед дэлхийд хамгийн их шуугиулж байгаа BTS, Blackpink гэсэн хамтлагийн уран бүтээлчдийг авч ирэх боломжтой гэсэн үг үү?
- Мэдээж хэрэг, үүнээс ч илүү зүйлийг бид төлөвлөж байгаа. Бид зөвхөн Монгол Солонгос хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэх бус дэлхийн хэмжээний уран бүтээлчдээр дамжуулаад Монгол урлагийн соёлыг түгээхээр зорьж байгаа.
Зөвхөн Blackpink гэх мэт Солонгосын том одуудыг авч ирэх бус гадаадын том оддын тоглолтыг Монголд зохиохоор төлөвлөж байна. Blackpink хамтлагийн дэлхийн аялан тоглолт эхэлчихсэн байгаа учраас хуваарьт нь багтаана гэдэг том ажил. Гэхдээ Blackpink хамтлаг Монголд ирвэл "Evandis" энтертайнмент тоглолтыг нь зохион байгуулахад оролцох ёстой.
- Тоглолтод оролцох үзэгчдэд хандаж та юу хэлэх вэ. "SUPER CONCERT 2025" тоглолтод үзэгчид ямар бэлтгэлтэй ирэх ёстой вэ?
- Аливаа зүйлд тууштай түүнийгээ үргэлж дэмжиж, хайрлаж байдаг зан чанар монголчуудад бий. Үнэнч шүтэн бишрэгчид гэдэг бол бүх зүйлд хүндэтгэлтэй ханддаг. Taeyang, Ailee нарын жинхэнэ шүтэн бишрэгчдэд цуглах нь дамжиггүй, үүнийг зөвхөн энтертайнмент арга хэмжээ бус өөртөө найзуудтайгаа хайртай хүмүүстэйгээ дурсамж бүтээх өдөр гэж хүндэтгэн ирэхийг урьж байна. "Evandis entertainmet"-ийн залуучууд үүний төлөө л хичээж байгаа.
Үзэгч болон уран бүтээлч хоорондын харилцаа холбоо маш чухал. Тиймээс тоглолтын үеэр монголчууд маань урмын үг бичсэн баннер, дууг нь дагаж дуулах, утасныхаа гэрлийг асууж үзвэл уран бүтээлчдийг тайзан дээр асааж өгдөг. Дэлхийн хэмжээний од хүний шоу тоглолтын зохион байгуулалт, энтертайнмент урлагийг та бүхэнд толилуулах болно.
Taeyang-ийн энтертайнментийн зүгээс өөрийнх нь албан ёсны нэрийн бүтээгдэхүүнүүдийг тоглолтын үеэр зарахаар болсон гэдгийг мэдэгдье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!