"Огцрох амархан" хөдөлгөөнд дүгнэлт хийсэн судлаач Ж.Санчирын нийтлэлийг хүргэж байна.
#Огцрох_амархан хөдөлгөөнийг хүмүүс талаас талаас нь дүгнэж байх шиг харагдана. Өөдрөг нэг нь Монголд ардчилал амьд буйг илэрхийлсэн үйл явдал боллоо гэж байхад "хэрсүү" нэг нь хүүхдүүд томчуудын зодооны нэг хэрэгсэл болоод л өнгөрлөө, бүх юм бахь байдгаараа хэмээн шүүрс алдана. Нийгмийн ухааны хүний хувьд тодорхой хэмжээнд базаж, дүгнэлт хийхгүй бол болохгүй санагдаад хэдэн үг тэрлэе.
“Огцрох амархан” хөдөлгөөн нь залуу үеийн хувьд улс төр, шударга ёсны, үүрэг хариуцлага, мэдлэг, энэ нийгмийн нэг хэсэг шүү гэдгээ мэдрэх улстөрийн ухамсар (political consciousness) бий болгосон, цаашид ч гүн гүнзгий нөлөөлөх чухал үйл явдал байлаа. Иргэд (ялангуяа залуус) жагсаалд оролцож, хуурамч ардчилал, тархи угаалт, хууль хүчний байгууллагуудын давхар стандарт, авлига, системийн доройтол гэх мэт асуудлыг өөрийн биеэр мэдэрч, нийгмийн бүтэц хэрхэн ажилладгийг ойлгож эхэлж байна.
“Огцрох амархан” жагсаалыг зөвхөн эрх баригчдад хандсан эсэргүүцэл гэж тодорхойлох нь хэт явцуу. Харин нийгмийн үнэт зүйлийг, бид юуг эрхэмлэх, юуг тэвчихгүй байхыг, ямар улс-төр, нийгэм хүсэж байгаагаа хэлэлцэх, дахин тодорхойлох оюуны үйл явц гэдгийг ойлгож ухаарлаа.
“Огцрох амархан” хөдөлгөөн нь “когнитив чөлөөлөлт” буюу өөрчлөлт боломжтой гэсэн ухамсар бий болгож байна. Сүүлийн жилүүдэд ойн түймэр мэт нэвт тархсан гутрал, итгэл алдарсан уур амьсгал дунд залуус нэгдэн, системийг өөрчилж болох юм байна гэсэн итгэлд хүрч байгаа. Энэ нь хувь хүмүүсийн гомдол, бухимдлыг хамтын үзэл санаа болгон хувиргаж, тодорхой улс төрийн зорилго үүсгэж буй хэрэг. Нөгөөтээгүүр, ардчиллын механизмууд хэр чухал, иргэний нийгэм ямар үүрэг, функцтэй зэргийг олон ТББ-ын дэмжлэг, дуу хоолойгоор мэдэрсэн байх гэж найдна.
Өөрчлөлт үйлдлээс эхэлдэг гэдгийг суралцлаа
Үйлдэл гэдэг эрдэм ном, эр зориг хоёрын шүтэлцээн дээр оршдогийг ойлголоо
Иргэний, ардчилсан нийгмийн амин сүнс болох иргэний нийгэм ажилладаг, хамгаалдаг, мэдээлэлжүүлдэг гэдгийг ойлголоо.
Энэ хөдөлгөөн бол зүгээр нэг эсэргүүцэл биш, харин шинэ үеийн улс төрд оролцох арга хэлбэр, өөрийн орон зайг шаардаж буй илэрхийлэл байж чадлаа. Гудамжинд гарч, бодитоор оролцох нь олон залуусын хувьд анхны “улс төрийн боловсрол” болж байна. Олон улсын байгууллагуудын улс-төрийн боловсролын ямар ч төсөл, хөтөлбөр, сургууль соёлын ямар ч иргэний боловсролын хичээлээс олж авч чадахгүй зүйл нь тэмцэх явцдаа хамтын нэгдэл, сэтгэлгээний хувьсгал, итгэл үнэмшил бий болгож байгаа явдал байдаг. Энэ нь өөрөө гүн гүнзгий хамтын сургалтын процесс юм.
Тайвнаар жагсаж, дуу хоолойгоо өргөж суралцлаа
Хүсэлт, шаардлага, үнэт зүйлүүдээ цэгцтэйгээр тодорхойлж, эмхэлж, хүргэж суралцлаа
Гаднаас ирж буй өдөөн хатгалгад бүтээлчээр хариу үйлдэл хийж суралцлаа.
"Огцрох амархан" хөдөлгөөн бол Монголын залуусын улс төрийн ухамсар сэргэж, өөрийгөө нийгмийнхээ идэвхтэй субъект гэж тодорхойлж эхэлж буй түүхэн үйл явц юм. Тус хөдөлгөөнийг гүнзгий ойлгохын тулд зөвхөн өнөөгийн нөхцөл байдлыг биш, түүхэн, онолын, соёлын гүн шалтгаануудыг авч үзэх нь чухал. Энэ хөдөлгөөний бодит үнэ цэнэ нь, хэрхэн цаашаа явах нь жагсаал зохион байгуулагчдаас бус харин БИД БҮХНИЙ, АРДЧИЛСАН МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ИРГЭДИЙН дараагийн алхмуудаас л шалтгаална. Жижиг гэлтгүй өдөр тутмын үйлдэл, алхмуудаас… Нус цэрээ хаяхгүй байхыг шаардсан үг үйлдлээс… Хариуцлага нэхсэн сошиал постоос… Орлогоо батлахыг шаардсан хуудаснаас…
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!