Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолтой бөх болсон эхний тэмцээндээ качигоши хийв
Мэргэжлийн сүмогийн 11 өдөр үргэлжилж байна.
Сэйхакүхо нэрээр мэргэжлийн сүмод орсон дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц цолтой бөх болсон эхний тэмцээндээ качигоши хийв. Өдгөө 25 настай Ө.Дэмиджамцын шинэ нэр нь Тошинофүжи юм.
Исэгахама дэвжээнд ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн удирдлага дор бэлтгэлээ базааж буй Ө.Дэмиджамц дээрээсээ хоёрдугаарт бичигдэх жүүрёо зиндааны барууны 11-ээс одоогоор найман даваа, гурван унаатайгаар качигоши буюу 50 хувиас дээш амжилт үзүүллээ.
Тэрбээр сүүлийн өдөр нэг унаатай байсан Казүмаг давснаар тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд үлдсэн юм.
Казүмагаас гадна хоёр унаатай тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан Ваканошо, Казэкэно нар өвдөг шороодсон бол зүүний 10-аас барилдаж байгаа Дэванорюү Т.Тэмүүлэн сүүлийн найман өдөр дараалан ялалт байгуулснаар 9:2 үзүүлтээр ганцаараа тэргүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
