Энэ долоо хоногийн Ням гарагт төв талбай дээр Наурызын баярыг тэмдэглэнэ
Казах түмний хаврын буюу Наурызын баярын арга хэмжээг нийслэл хотод зохион байгуулахаар болжээ.
Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээлснээр гуравдугаар сарын 22-ны Ням гарагт 11:00 цагаас Сүхбаатарын талбай дээр "Монголын Наурыз-2026" эв нэгдэл уриатай баярын арга хэмжээ эхэлнэ.
Энэ үеэр казах түмний уламжлалт дуу, үндэсний тоглоом наадгай, казах гэр, үндэсний хувцастай шилдэг хосыг шалгаруулах тэмцээн, казах болон олон үндэстний хоол, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарах юм байна.
Уг арга хэмжээг Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийг хүрэлцэн ирэхийг урив.
2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтжээ.
Наурыз буюу хаврын баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодог билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
