"Барилга дээр ажиллаж байхдаа өндрөөс унаад нуруундаа гэмтсэн юм. Нугас чөлөөлөх хагалгааг дутуу хийснээс болоод бэлхүүснээс доош мэдээгүй болсон"
Эмчийн буруутай үйлдэл болох хагалгааны алдаанаас болоод бэлхүүснээс доош мэдээгүй болсон иргэн Б.Батболд "Дахин хөл дээрээ зогсох найдвар" хандивын аяныг Д.Сүхбаатарын талбайд эхлүүлсэн байна.
Онош тодруулах болон эмчилгээ хийлгэх явцад хугацаа их алдсан тул Монголд эмчлүүлэх боломжгүй болжээ. Гэхдээ БНСУ-ын эмнэлэгт нарийн мэргэжлийн хагалгаа хийлгэвэл эдгэрэх боломж одоо ч байгааг тэр сэтгүүлчдэд ярьсан юм.
Энэ талаар Б.Батболд "Би 23 настай. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2023 онд барилга дээр ажиллаж байхдаа өндрөөс унаж нуруундаа хагалгаа хийлгэсэн ч эмчийн буруутай үйлдлээс болоод бэлхүүснээс доошоо ямар ч мэдээгүй болсон. Тодруулбал нугас чөлөөлөх хагалгааг дутуу хийсэн болохыг БНХАУ-ын Хөх хотын эмнэлэгт оношлуулахдаа мэдсэн юм. Өөрийнхөө бие засаж байгааг ч мэдэрдэггүй.
Удаан хугацаанд оношоо бүрэн тодорхой болгох гэж их хугацаа алдсан. Тиймээс Монголд эмчлүүлэх боломжгүй болсныг мэргэжлийнхэн бидэнд хэлсэн юм. Харин БНСУ-ын эмнэлэгт нарийн мэргэжлийн хагалгаа хийлгэвэл хөл дээрээ дахин зогсох боломж байгааг хэлсэн. Гэхдээ тэнд хагалгаанд орохын тулд ₮250 сая шаардлагатай байгаа тул ард түмнээсээ хандив гуйж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
