УБТЗ-ын тээвэрлэх нефтийн бүтээгдэхүүнийг өнгөрсөн оныхоос 7.2 хувиар нэмэгдүүлнэ
ОХУ-ын Сочи хотноо хуралдсан Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн төмөр замуудаар 2026 онд тээвэрлэх экспорт, импорт, дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох зөвлөгөөнд Монгол Улсын Зам, тээврийн сайдын баталсан удирдамжийн дагуу УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын төлөөлөгчид оролцлоо.
Хуралдаанаас УБТЗ-аар 2026 онд тээвэрлэх ачааны хэмжээг өнгөрсөн оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замуудын төлөөлөгчдийн зөвлөгөөн болон Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн төмөр замын комиссын зөвлөгөөнөөр тохиролцсон хилийн боомтуудаар солилцох галт тэрэгний тоо хэмжээнд үндэслэн 2025 онд тээвэрлэсэн гадаад худалдааны ачаа /экспорт, импорт, транзит/-ны гүйцэтгэлээс 1 сая тонноор нэмэгдүүлэхээр тохирлоо.
Ингэхдээ импортын нефтийн бүтээгдэхүүний тээврийг 7.2%-иар нэмэгдүүлж, 2.9 сая тонн нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэхээр болсон байна.
2026 онд УБТЗ-ын хилийн гарцуудаар нийтдээ 22.5 сая тонн гадаад худалдааны ачааг тээвэрлэхээр тохиролцлоо.
Энэхүү зөвлөгөөн нь “УБТЗ” ХНН-ийн бүс нутгийнхаа тээвэр, логистикт оролцох оролцоо улам бүр нэмэгдэж, Монгол Улсын эдийн засагт бодит дэмжлэг үзүүлж байгааг харууллаа.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
