Т.Аубакир: Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Монгол Улсын Засгийн газрын ээлжит өнөөдрийн хуралдаанаар Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжсэн ба УИХ-д өргөн барихаар болжээ.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараах мэдээллийг өглөө.
Хувийн нэмэлт тэтгэврийн сан эрхзүйн орчин байхгүй ч гэсэн уг хуримтлалд хамрагдах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж зарим байгууллагууд дээр 130,000 гаруй иргэдийн 70 гаруй тэрбум төгрөгийг тэтгэврийн сан байдлаар хэлэлцээр хийж хадгалж байгаа аж.
Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг эрхзүйн орчныг нь бий болгох мөн тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зорилт тавьсны хүрээнд уг хуулийг хэлэлцэн дэмжсэнээр Монгол Улс бусад улс орны адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжиж байгаа юм байна.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмж нэмэгдэх ач холбогдолтой аж.
Уг хуулийн онцлог нь иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, уг хуримтлалаас сонгож нэг удаа, тодорхой хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломж бүрдэж байгаа аж. Мөн мөнгөө нэг удаа бөөнд нь авах, өвлүүлэх зэрэг зохицуулалтуудыг хийх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
