Ираны дроныг эсэргүүцэхэд нь туслах зорилгоор Украины 200 гаруй мэргэжилтэн Ойрх Дорнодод очсоныг мэдээлжээ
Ираны дроны довтолгооноос өөрийгөө хамгаалахад нь туслах зорилгоор Украины 200 гаруй мэргэжилтэн Ойрх Дорнодын орнуудад очоод байгааг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдээлжээ.
Мягмар гарагт Лондон хотод Их Британийн парламентын гишүүдийн өмнө үг хэлэхдээ тэр нийт 201 мэргэжилтэн тус бүс нутагт очсон бөгөөд нэмээд 34 мэргэжилтэн илгээхэд бэлэн байгааг мэдээлсэн юм.
“Эдгээр нь Шахед нисгэгчгүй онгоцноос хэрхэн хамгаалах талаар мэддэг цэргийн мэргэжилтнүүд” гэж Зеленский хэлжээ.
Тэрбээр “Манай мэргэжилтнүүд Эмират, Катар, Саудын Арабт байгаа бол одоо Кувейт рүү явж байна. Бид өөр хэд хэдэн улстай хамтран ажиллах талаар ярилцаж эхэлсэн. Бид Ираны дэглэмийн хөрш орнуудынхаа эсрэг үйлдэж буй энэ аюулыг амжилтад хүргэхийг хүсэхгүй байна” гэж нэмж хэлсэн юм.
Өчигдөр Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, НАТО-гийн тэргүүн Марк Рутте нартай уулзсан Зеленский одоо Украины дайнд ашиглаж буй дроныг Оросын тал анх Иранаас авсныг баталжээ.
“Ираны мэргэжилтнүүд тэдгээрийг хэрхэн хөөргөх аргыг зааж, үйлдвэрлэх технологийг Оросуудад өгсөн. Дараа нь Оросын тал үүнийг нэмж сайжруулсан. Одоо Ойрх Дорнодод ашиглаж буй Шахед дронууд нь Оросын эд ангийг агуулж буйг бид тодорхой баримтаар нотолсон” гэж тэр хэлсэн байна.
Зеленский ийм нисгэгчгүй онгоцнуудыг “үнэ цэнтэй чухал байгууламжийг хямд өртгөөр устгахад зориулагдсан” гэж тайлбарлажээ.
Тэрбээр цааш нь “Тиймээс өнөөдөр Ираны эргэн тойронд өрнөж буй үйл явдал бол Орос, Ираны хамтын ажиллагааны үр дүн тул биднээс хол зүйл биш юм. Орос, Ираны дэглэмүүд үзэн ядалтаар нэгдсэн ах дүүс. Бид үзэн ядалт дээр суурилсан дэглэмүүдийн ялалтыг үзэхийг хүсэхгүй” гэж хэлсэн байна.
Дараа нь Зеленский нисгэгчгүй онгоцны дайн, үйлдвэрлэлийн салбарт улс орныхоо гаргаж буй амжилтыг дурдаж, фронтын шугам дээр Оросын армид учруулж буй хохирлын 90 хувийг энэ төрлийн зэвсэг үүсгэж буйг мэдээлжээ.
Украин улс өнөөдөр өдөрт хамгийн багадаа 2,000 дрон үйлдвэрлэж байгаагийн тал нь өөрийгөө батлан хамгаалахад хүрэлцэх тул үлдсэн талыг холбоотнууддаа ашиглуулахад бэлэн байгааг тэр илэрхийлсэн байна.
“Хэрвээ Шахедыг Эмират улсад зогсоох шаардлагатай бол бид үүнийг хийж чадна. Хэрвээ Европ эсвэл Их Британид зогсоох шаардлагатай бол бас хийж чадна. Энэ бол технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны асуудал юм” гэж Украины ерөнхийлөгч хэлжээ.
Хэдийгээр Украин нь нисгэгчгүй онгоцоор тулалдах чадвараар дэлхийд тэргүүлэгч улс болсон ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ туршлагыг нь Ойрх Дорнодод ашиглахаас татгалзсаар байгаа.
Гэвч Өрнөдийн бусад орнууд үүнд өөрөөр хандаж байна.
Өчигдөр Зеленскийн айлчлалын үеэр Лондон, Киевийн эрх баригчид “батлан хамгаалах түншлэл”-ийн гэрээ байгуулсан нь “Украины туршлага, Их Британийн аж үйлдвэрийн баазыг дроны үйлдвэрлэл, технологи хөгжүүлэлтэд хамтран ашиглах зорилготой” байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
