Ираны дайнд туслаагүй Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилалтаа багасгахыг Трамп зэвсэгт хүчиндээ даалгав

Т.Давааням, ikon.mn
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөд Солонгостой хамтран зохион байгуулдаг цэргийн сургуулилалтынхаа цар хүрээг багасгах даалгаврыг Пентагонд өгснөө Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Үүний гол шалтгааныг Ирантай хийж буй дайнд нь Өмнөд Солонгос туслаагүйтэй холбон тайлбарласан байна.

Энэ долоо хоногт эхлэх төлөвлөгөөтэй байгаа хамтарсан сургуулилалтыг Трамп “өртөг өндөртэй”, Умард Солонгост “дайсагнасан дохио өгдөг” гэх зэргээр сошиал хуудсандаа шүүмжлэн бичжээ.

Мөн өөрийг нь Цагаан ордонд байх хугацаанд “аюул занал учруулаагүй, хүндэтгэлтэй хандсан” гэж Умард Солонгосыг магтсан байна.

“Тиймээс бүрэн цуцлахад хэтэрхий оройтсон учраас цар хүрээг нь эрс багасгахыг би Дайны сайд Пит Хэгсэтэд даалгалаа” гэж Трамп бичжээ.

11 өдөр үргэлжлэх, Өмнөд Солонгосын 18,000 цэрэг оролцох уг арга хэмжээ нь Умард Солонгосын аюул заналхийллийн эсрэг бэлэн байдлыг бэхжүүлэх зорилготой юм.

Өмнөх өдөр нь Трамп сошиал хуудсандаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай зэрэгцэж зогссоныг харуулсан зургаа нийтлээд “энэ зураг дээр нөхөрсөг бус харагдаж байгаа ч хоёр удирдагч маш сайн ойлголцдог” хэмээн бичиж байв.

Умард Солонгосын гадаад хэргийн яам АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилалтыг бүс нутагт тогтворгүй байдал үүсгэдэг “түрэмгий дайны бэлтгэл” гэж шүүмжилж байжээ.

Трамп эхний бүрэн эрхийн хугацаандаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай гурван удаа уулзаж, тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэж байсан юм.

Хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь эхэлснээс хойш тэр дахин ийм уулзалт зохион байгуулах хүсэлтэйгээ илэрхийлж байв.

Өмнө нь Трамп бас хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалтыг шүүмжилж байсан.

Сингапурт 2018 онд Ким Жон Унтай уулзсаныхаа дараа Трамп “Цаашдын яриа хэлэлцээ бүтэлгүйтээгүй л бол бид дайны бэлтгэл сургуулилалтаа зогсоож, үүнд зарцуулдаг асар их мөнгийг хэмнэх боломжтой” гэж сэтгүүлчдэд мэдэгдэж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press